“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Yндсэн хуулийн цэцийн
2019 оны 01 дүгээр дүгнэлтийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргахад анхан шатны шүүхээс оноосон ялаас илүү хүнд ял оноох, эрх зүйн байдлыг дордуулж болохоор зохицуулсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан юм.
Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгын агуулгад нийцэхгүй байхаас гадна хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхийн шийдвэрийг давж заалдах иргэний үндсэн эрхийг хөндөж буй учир Үндсэн хуулийн цэц ийм шийдвэр гаргажээ.
Цэцийн энэхүү шийдвэрийг УИХ хүлээн авах нь зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж тогтоол гаргасан юм.
Мөн дугаарт Ц.Зоригийг албан тушаалаас чөлөөлөх тухай, Албан тушаалаас огцруулах тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлсэн байна. Дээрх зарлигаар Цэвэгмэдийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, Магванноровын Энх-Амгаланг Монгол Улсын Ерөнхий прокурорын, Ганбатын Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалаас огцруулжээ. Мөн Монгол Улсаас Андоррын Хант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мундагбаатарын Батсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Андоррын Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмэдийн Баттөрийг томилжээ.
Түүнчлэн Удирдлагын академийн дүрмийг баталсан Засгийн газрын 366 дугаар тогтоол, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”, “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл хөлс олгох журам”, “Төрийн албан хаагчид докторын зэрэг, профессор цолны нэмэгдэл олгох журам”, “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”, “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”, “Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”, “Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгох журам”-уудыг баталсан Засгийн газрын 382 дугаар тогтоолуудыг нийтэлсэн байна.
Эдгээр журмуудтай эмхэтгэлийн шинэ дугаараас танилцах боломжтой хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.