Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатар: "Монгол Улс халамжийн улсаас бүтээмжийн улс болох ёстой"

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.04.12) Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, “Сео клуб”-ийн гишүүдтэй уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд парламентаас батлан гаргаж буй хууль тогтоомж, тэдгээрээс бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай холбоотой зүйл заалтуудын талаар товч танилцуулж, хууль тогтоох, хэрэгжүүлэх чиглэлээр бизнесийн төлөөлөлтэй хамтран ажиллах асуудлыг хөндөж ярив.

Тэрбээр “Та бүхэнтэй урьд нь уулзах үеэрээ хөндөж, санал нэгдсэн засаглалын болон эдийн засгийн шинэчлэл хийх, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 3 асуудлыг үйл ажиллагааныхаа үндсэн зорилго болгон ажиллаж байна. Энэ чиглэлээр хийж, хэрэгжүүлж буй ажил, авч буй арга хэмжээний талаар Та бүхэн тодорхой ойлголттой байгаа гэдэгт итгэж байна.

Засаглалын реформ хийх зорилтын хүрээнд парламентын үйл ажиллагааг шинэчлэх, дэлхийн улс орнуудын парламентын туршлагаас суралцаж, нэгэнт шалгагдаж тогтсон шилдэг жишигт нийцүүлэх, шинжлэх ухааны үндэстэй, баталгаа нотолгоо, мэдлэг мэдээлэлд суурилсан мэтгэлцээн өрнүүлдэг талбар болгоход онцгой анхаарч байна. Шударга ёсыг тогтоох, хууль, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг шинэчлэх чиглэлд арга хэмжээ авч эхэлсэн. Эдийн засгийн реформ хийх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Татварын багц хууль, Тендерийн хуулийг батлан гаргалаа. Хүлээгдэж буй хэд хэдэн чухал хууль байгаа. Бизнесийн орчинд хууль, эрх зүйн тогтвортой байдал нэн чухал. Монголын эдийн засаг цөөн биш олон салбарт тэлж, солонгорох, жижиг, дунд аж ахуйн нэгжүүд өсөн торних үйл явц ойрын ирээдүйн хандлага байх болно. Бид халамжийн улсаас бүтээмжийн улс болох ёстой. Үүнд та бүхний гүйцэтгэх үүрэг, бидний хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой” хэмээн тэмдэглэлээ.

       Уулзалтад оролцсон бизнесийн төлөөлийнхөн батлан гаргасан хуулиудаа (тухайлбал Татварын багц хуулиуд) иргэд, бизнесийнхэнд ойлгуулах, сурталчлах ажлыг сайн хийж, гадаад дотоодод ямар нэгэн эргэлзээ, буруу ойлголт төрүүлэхгүй байхад анхаарах, УИХ-аас гаргаж буй шийдвэр, баталж буй хууль тогтоомжид бизнесийнхний саналыг авч, асуудлаа хамтарч ярьдаг болох саналыг дэвшүүлж байв.

“Сео клуб”-ийн гишүүн-бизнес эрхлэгчид “Монголын эдийн засгийн форум”-ыг ойрын үед зохион байгуулах, УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж буй Зөвшөөрлийн хууль, Хөдөлмөрийн хууль зэрэг бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд хамаатай томоохон хуулиудад санал авах ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар гаднын улс орнуудын жишгээр төр, хувийн хэвшлийн Зөвлөлдөх зөвлөл байгуулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн бизнесийнхэн мэргэжлийн холбоодоороо хэлэлцэr нэгтгэсэн саналуудаа ирүүлдэг, санал бодлоо УИХ-ын parliament.mn, forum.parliament.mn зэрэг шинэчилж буй аппликэйшнээр дамжуулан УИХ, гишүүдэд хүргэдэг байх, төрийн үйл хэрэгт иргэний шууд оролцоог хангах чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ.

Уулзалтад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин,  Монголын бизнесийн зөвлөлийн үйл ажиллагаа хариуцсан захирал П.Чимэдням, Уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А.Билгүүн, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал О.Одбаяр, "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал  Ч.Ганхуяг, Ньюком” группийн ерөнхий захирал Н.Энхболд, “Бат солушн партнерс” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга В.Ганзориг, “Оюутолгой” ХХК-ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсийн ерөнхий менежер Ж.Сүнжидмаа, “Southgobi sands” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат нар оролцов.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл