Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид ОУПХ-ны нэгж байгууллага болон Байнгын хороодын хуралд оролцов

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны нэгж байгууллага болон Байнгын хороодын хуралд оролцлоо.


ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг тус зөвлөлийн гишүүний хувиар оролцов. Уг байнгын хороо нь ирэх 10 дугаар сард Серби Улсад болох ОУПХ-ны 141-р Ассамблейгаар батлуулахаар бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтын асуудлаар тогтоолын төсөл өргөн барих юм байна. Удирдах зөвлөл уг тогтоолын төсөлд тусгах санал, Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд гүйцэтгэх парламентын үүргийн талаар тус тус хэлэлцэж,  үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д тусгагдсан эрүүл мэндийн зорилтууд болон тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд авч хэрэгцүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

 

Мөн өдөр УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, Б.Саранчимэг, Н.Оюундарь нар Эмэгтэй парламентчдын чуулганы хуралдаанд оролцож, Удирдах зөвлөл болон Жендерийн түншлэлийн бүлгийн тайлан, мөн Жендерийн тэгш байдлыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ОУПХ-ны сүүлийн үеийн үйл ажиллагааны талаар мэдээлэл сонссон. Уг чуулганы хуралдааны хэлэлцүүлэг “Ажлын байран дахь тэгш байдал” сэдвээр явагдсан бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Оюундарь Монгол Улсад эмэгтэйчүүдийн ажлын байрны асуудал ямар түвшинд байгаа талаар товч мэдээлэл хийж, санал бодлоо илэрхийлэв.

 

Ассамблейн үеэр Залуу парламентчдын чуулганы хуралдаан болж, залуучуудын асуудлаас гадна нэгдсэн чуулганаас батлах тогтоолын төслүүдэд залуучуудын эрх ашгийг хэрхэн тусгахыг хэлэлцсэн байна. УИХ-ын гишүүн Н.Учрал уг хуралд залуучуудын асуудлаар баримталдаг Монгол Улсын бодлогыг танилцуулан, Залуучуудын хууль батлуулан хэрэгжүүлж буйгаа онцлов. Ийнхүү монголын парламентчид оролцсон Олон Улсын Парламентын Холбооны 140 дүгээр чуулга, уулзалт амжилттай өндөрлөлөө хэмээн Доха хотоо мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл