Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2019.04.10) хуралдаан 11 цаг 18 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 


    Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн А.Сүхбат танилцууллаа. Монгол Улсын хэмжээнд газрын доорх усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь байгалийн бүс, бүслүүр, ус агуулах чулуулгийн тогтоц, найрлагаас хамаарч өөр өөр байна. Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтий нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт нийт нутаг дэвсгэрийн 30 хувь орчим эзлэх талбайд бүрддэг. Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилдээ 500 сая.м3 орчим байгаа ба хүн амын өсөлт, нийгэм, эдийн засгийн хөгжилтэй уялдан жилээс жилд нэмэгдэж байна. Сүүлийн 40 жилийн судалгаагаар Монгол орны усны нийт нөөц олон жилийн дунджаар жилд 608,300.0 сая.м3 (мөнх цас, мөсөн голын усны нөөц буурснаас 564,800.0 сая.м3 болсон), үүний 34,600.0 сая.м3 гол, мөрний, 500,000.0 сая.м3 нуурын, 62,900.0 сая.м3 (19,400.0 сая.м3 болж буурсан) мөнх цас, мөсөн голын, 10.800 сая.м3 газрын доорх ус байдаг байна. Монгол Улсын усны хэрэглээний 80 орчим хувийг нийт нөөцийн 1.9 хувь болох газрын доорх усаар хангаж байгаа бөгөөд газрын доорх усыг ашиглах, хамгаалах  харилцааг зохицуулсан хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичиг хангалтгүй байна.

    Түүнчлэн “Усны тухай хууль”-д газрын доорх ус ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын  хоорондын харилцааг зохицуулах, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь өнөөгийн тулгамдаж буй асуудал болсон. Мөн уул уурхай, аж үйлдвэрийн салбар хөгжиж буйтай холбогдуулан энэхүү салбаруудад газрын доорх цэнгэг усны орд ашиглахыг хориглох, орхигдсон цооног битүүмжлэх, усны ашиглалт, хэрэглээний эрэмбэ тогтоож иргэдийн ундны усны хэрэглээний давуу эрх бий болгох, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх, усны нөөцийн хомсдлын түвшинг тогтоох, хянах эрх зүйн орчинг бүрдүүлэх нийгэм-эдийн засгийн шаардлага үүссэн хэмээн төсөл санаачлагчид үзжээ. 

    Иймд Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд нэмэлт болон өөрчлөлт оруулах хэлбэрээр боловсруулж усны нөөц хамгаалах, хомсдлоос сэргийлэх, хариуцлагатай ашиглалт, хяналтыг сайжруулах, хүн амын унд, ахуйн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор газрын доорх усны эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна. 


    Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь хоёр зүйлтэй. Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 22.19, 22.20 заалтуудад орхигдсон цооногийг сум дүүргийн Засаг дарга нь улсын төсвийн хөрөнгөөр битүүмжлэх үүрэг хүлээж байгаа нь газар доорх усны бохирдлоос хамгаалах яаралтай арга хэмжээний нэг хэлбэр юм. Гэхдээ энэ нь буруутай этгээд үүргээс чөлөөлөгдөж буй хэлбэр биш бөгөөд буруутай этгээд тогтоогдсон даруйд улсын төсөвт учруулсан хохирол, нөхөн төлбөрийг заавал барагдуулж, холбогдох хариуцлагыг хүлээлгэх аж. 

    Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 41 дүгээр зүйлд ус ашиглах эрхийн эрэмбийг тогтоон өгч үүний тэргүүн ээлжинд Хүн амын унд, ахуйн хэрэглээг оруулж өгсөн нь Улсын Их Хурлын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1.1-д “Усны салбарын бүтэц, зохион байгуулалт, хяналтын механизмыг боловсронгуй болгож, ашиглагч нь хамгаалах, хариуцлага хүлээх тогтолцоог бий болгож, хүн амын ундны ус хангамж, үйлдвэрлэлийн усны хэрэгцээг хүртээмжтэй, тогтвортой хангах нөхцөлийг бүрдүүлнэ.”, мөн Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Тогтвортой Хөгжлийн Үзэл Баримтлал 2030”-ын Зорилт 2 “Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.” гэх зорилтуудыг хангахад оршиж байгаа юм байна. 

    УИХ-ын 2010 оны 48 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.5.1.4-д “Газрын доорх цэнгэг усны томоохон ордууд, гол мөрний урсац бүрэлдэх эхийг улсын тусгай хамгаалалтад авах, цэвэр усны нөөц бүхий томоохон нуурын сав газарт аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах замаар усны нөөцийг хамгаална”, УИХ-ын 1997 оны 106 дугаар тогтоолоор батлагдсан Төрөөс экологийн талаар баримтлах бодлогын 3.7.1-д “Монгол орны гадаргын ба газрын доорх усны нөөц нь байгаль болон амьдралын эрүүл орчны шүтэлцээг хангагч үндсэн эх үүсвэр хэмээн үзэж усны нөөц, чанарыг хадгалан гамтай ашиглаж, нөхөн сэргэх, арвижих боломжийг хангах нь төрийн бодлогын зангилаа асуудал мөн” гэж тус тус заасан нь Монгол Улсын усны нөөцийг хамгаалах, хомсдлоос сэргийлэх, хүн амын ундны ус хангамжийг нэмэгдүүлэх, ус ашиглагчийн хариуцлага, хяналтыг сайжруулах бодлогыг баримталж байна. Үүнтэй холбоотойгоор Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 41.2 дахь заалтыг оруулсан байна. Өнөөг хүртэл Монгол Улсад усны нөөцийн хомсдол болон түүний түвшинг тогтоох нэгдсэн аргачлал байхгүйн улмаас аж ахуйн нэгжүүдийн усны нөөцийн хавтгайрсан хэрэглээ бий болж үүнд улсаас тохирсон хариуцлага хүлээлгэж чадахгүй байна. Иймд усны хомсдлоос сэргийлэх, оновчтой хариуцлагын механизм бий болгохын  тулд Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 10.1.31, 25.7 заалтуудыг тус тус нэмэлтээр оруулжээ.

    Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл нь тус тус 1 зүйлтэй.

    Ашигт малтмалын тухай хуульд гүний ус гэж орсон ойлголтын зөрүүг засч Усны тухай хуульд заасан газрын доорх ус гэсэн нэр томьёог оруулна. Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг бүрдүүлэх юм байна. Эдгээр төслүүдэд ус ашиглагч нь усны нөөцийг хомсдуулсан тохиолдолд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээдэг байхаар тус тус тусгажээ. 


    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнбат асуулт асууж, хариулт авлаа. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Л.Энхболд, Б.Батзориг, Н.Цэрэнбат, Л.Элдэв-очир нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, төсөл батлагдсан тохиолдолд үүсэх үр нөлөөг бүрэн тооцох шаардлагын талаар Д.Эрдэнэбат гишүүн хэлсэн юм. Газрын гүний усыг ашигласан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээх нөхцөл бүрдэх бөгөөд ингэснээр гол мөрний сав газар дахь барилга байгууламжуудыг хэрхэх, энэ дагуу үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах талаар тооцох нь зүйтэй гэдгийг тэрбээр хэлсэн. УИХ-ын гишүүн А.Сүхбат цэвэр усны нөөц болон өнөөгийн усны хэрэглээний талаар анхаарч, усны менежментийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авах цаг болсныг дурдаад нийслэлийн усны хэрэглээний талаарх тоо баримт, нийслэлчүүдийн бохирдуулсан уснаас үүдэн Туул голын ай сав дагуух бүс нутгуудад гарч буй сөрөг нөлөөллийн талаар мэдээлэл дуулгав. Түүнчлэн бусад орны усны менежментийн талаар жишээ татаж, Монгол Улс холбогдох арга хэмжээг авахгүй бол ойрын 4 жилийн дотор нийслэлчүүдийн ундны усны хангамжийн асуудал үүсгэх эрсдлийг хэлж байсан. Төсөл санаачлагч гишүүдийн нэг болох УИХ-ын гишүүн Л.Энхболд, гүний усны ашиглалтад хязгаарлалт тавьж, хариуцлага тооцохгүй бол уул уурхай тэргүүтэй бизнесүүд аль хямд, өртөг багатай гэдгээр нь гүний усыг ашиглаж байна гэв. Төсөл батлагдсан тохиолдолд усны хомсдол үүсгэх эрсдлийг тодорхойлж, үүн дээр хариуцлагын асуудал хөндөгдөнө. Түүнчлэн гол ач холбогдол нь усны менежментийг сайжруулж, гадаргын усыг ашиглах арга технологиудыг аж ахуйн нэгжүүд нэвтрүүлэхэд хөшүүрэг болно хэмээн төсөл санаачлагчид үзэж байгаа аж. Энэхүү төслийн зохицуулалтын хүрээнд мал аж ахуй болон газар тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаанд ямар нэг хязгаарлалт, хориглолт, төлбөр нэмэгдүүлэхгүй байхад анхаарах ёстойг Б.Батзориг гишүүн хэлж байв. Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. 


    Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, УИХ-ын гишүүн А.Сүхбатыг ажлын хэсгийн ахлагчаар томиллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл