Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр (2019.04.10) Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Стивен Мартин, Монгол Улсыг хариуцсан ажилтан Улви Ахундлу нарыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сонгуулийн хуулиар мэргэшсэн мэргэжилтнүүдтэй уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын сонгуулийн тогтолцоо, хууль эрх зүйн орчны нөхцөл байдал болон УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж буй сонгуулийн тухай хуулийн төслүүдийн талаар товч мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Бид 1990 оноос хойш улс төрийн шилжилтийн явцад нийт найман удаагийн сонгуулийг амжилттай зохион байгуулсан ч сонгуулийн тогтолцооны асуудлыг оновчтой шийдвэрлэх шаардлага байсаар байна. Манай улс мажоратор болон холимог (хосолмол) системийн аль алинаар нь сонгуулийг явуулж байсан туршлагатай. Сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Аль ч системээр сонгууль явуулсан шүүмжлэл дагуулдаг. Сонгуулийн тогтолцоо тогтворгүй, байнга өөрчлөгдөж байгаа нь сөрөг үр дагавар үүсгэж байна. Ямар төр байх нь сонгуулиас шууд шалтгаалдаг тул сонгуулийн тогтолцоо, хууль эрх зүйн орчныг засаж, сайжруулах зайлшгүй шаардлага байна. Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулж байсан. Одоо энэ гурван хуулийг салгаж, тус тусын хуультай болгохоор ажиллаж байна. Манай улсын сонгогчдын боловсрол, улс төрийн соёл дутмаг. Энэ нь өргөн уудам нутаг, цөөн хүн ам, амьжиргааны төвшинд эзлэх дундаж давхаргын эзлэх хувь бага, улс төрийн намуудын төлөвшил хангалтгүй байгаа зэргээс шалтгаалж байна” гээд сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгоход хамтран ажиллахыг хүсэв.
ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба нь 2013 оноос хойш Монгол Улсын сонгуулийн үйл явцыг ажиглаж, сонгуулийн тухай хуулиудыг сайжруулахад үнэлгээ хийж хамтран ажиллаж ирснийг ноён Стивен Мартин хэлээд Монгол Улс, ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашдын чиглэлээ нарийвчлан тодорхойлох зорилгоор уулзаж байгаагаа онцолсон юм.
Мөн Монгол Улсын холбогдох байгууллагуудын зүгээс хамтран ажиллах хүсэлтээ албан ёсоор ирүүлбэл сонгуулийн тухай хуулиудад олон улсын экспертүүдээр хяналт, үнэлгээ хийлгэх, сонгуулийн үйл явцад тулгардаг бэрхшээлүүдийг арилгах талаар санал, зөвлөмж гарган хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн алба нь өөрийн гишүүн улс орнуудад сонгуулийн үеийн үйл явцад ажиглалт хийхээс гадна сонгуулийн бус үеэр ч хууль эрх зүйн ажиглалт, судалгааг хийдэг байна. Олон улсын экспертүүдийн санал зөвлөмжийг авах нь бусад улс орнуудын сайн жишээ, туршлагуудыг харьцуулан үзэх, өмнөх сонгуулиудаар ажиглагдсан зохион байгуулалт, төсөв санхүүгийн зарцуулалт, маргаан шийдвэрлэх явц зэрэг олон асуудлыг шийдэх боломжийг олгодгоороо үр дүнтэй гэдгийг ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны ахлах зөвлөх Стивен Мартин уулзалтын үеэр хэлсэн.
Өмнөх сонгуулиас дэвшилттэй хоёр зүйл байна. Нэгдүгээрт, төрийн албан хаагчид сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог болсон нь маргаан дагуулдаг байсан зарим асуудлыг шийдэж чадсан. Хоёрдугаарт, сонгуулийн санал авах, тоолох ажиллагааг автомат машинаар хийдэг болсныг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тэмдэглэлээ.
Тэрбээр үргэлжлүүлэн сонгуулийн хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө тус байгууллагаас гаргасан экспертүүдийн зөвлөмжийг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд хамтран ажиллах албан ёсны хүсэлтийг хуулийн төслүүдийн хамт ойрын хугацаанд хүргүүлэхээ мэдэгдэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.