МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ГОМБОЖАВЫН Занданшатарын мэндчилгээ
-Монголын багш нарын VII их хуралд-
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм хүндэт Ерөнхий сайд аа,
Монголын багш нарын VII их хуралд оролцогч хүндэт зочид, төлөөлөгчид өө!
Mонгол Улсын мянга мянган багшийг төлөөлөн ирсэн эрхэм хүндэт багш, эрдэмтэн професорууд аа,
XXI зууны эдийн засаг, аж үйлдвэржүүлэлтийн IV хувьсгалыг эх орондоо гардан хийх хүүхэд залуучуудыг сурган хүмүүжүүлж яваа үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, манлайлагчид, хүндэт зочид Та бүхэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Өнөөдөр дэлхий дахинаа боловсролд системийн өөрчлөлт явагдаж, ялангуяа сурах үйл ажиллагаанд инновац нэвтрүүлж, сургах, сурах үйл ажиллагааг цоо шинээр зохион байгуулах, боловсролыг илүү ардчилах, хүүхэд залуучуудыг дэлхийн иргэн болгон төлөвшүүлэх, улмаар мэдлэг боловсрол бол бүх нийтийн өмч мөн гэсэн үзэл санааг хэрэгжүүлэх асуудалд улс орнууд төрийн бодлогоо чиглүүлж, дорвитой өөрчлөлт хийж эхэлж байна.
Манай орны хүүхэд залуучууд нэг бүрийн эрин зууны мэдлэг чадвар, чадамж эзэмших хүсэл мөрөөдөл, итгэл найдвар бол боловсрол юм. Хүүхэд залуучууд нэг бүрийн энэ их хүсэл мөрөөдөл, итгэл найдварыг амьдралд хэрэгжүүлэхэд чиглүүлж залж өгдөг хүмүүс бол багш нар та бүхэн билээ.
Хамгийн сайн багш гэдэг бол хүүхэд өөрөө мэдэрч чадаагүй байхад хүүхэд нэг бүрийн онцлог авьяас чадвар, ирээдүйг харж чаддаг багшийг хэлдэг. Ийм бүтээлч багш манайд олон бий.
Нөгөө талаас, XXI зууны иргэнийг XX зууны сургууль, заах аргаар бэлтгэж болохгүй гэдгийг бид бүгд сайн ойлгож байгаа.
Ийм нөхцөлд багш нарт төрөөс онцгой анхаарал хандуулж, тэдэнд бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатайг манай төр засаг анхааралдаа авч боловсролын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, салбарын, тэр дундаа багшийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж ирсэн бөгөөд цаашид ч шийдвэрлэхээр төлөвлөж байна.
Юуны өмнө, Монгол Улсын Их Хурал боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, бүх түвшинд тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол олгох, уламжлалт боловсролыг нээлттэй боловсролтой хослуулж, боловсролын чанарыг шинэ шатанд гаргах, насан туршдаа суралцах боломжийг дэмжих асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Тухайлбал, Монгол Улсын Их Хурал 2018 онд Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Хууль хэрэгжсэнээр бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болж, багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургах үйл ажиллагаандаа шинэ арга барил, инновацийг нэвтрүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж байна.
Ингэснээр Монгол Улс багшийг хөгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах бие даасан эрх зүйн зохицуулалттай орнуудын нэг болж байгаагаараа онцлогтой юм.
Мөн нэр бүхий Улсын Их Хурлын гишүүд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байна. Энэхүү хуулийн зорилт нь сургуулийн орчин дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, суралцагчийг шим тэжээллэг, аюулгүй хоол, хүнсээр хангахад оршиж байна.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос бүх шатны боловсролын асуудлаар Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгч, хэрэгжилтэд хяналт тавин, хамтран ажиллаж байна.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулиар боловсролын салбарт 1.6 их наяд төгрөгийг зарцуулахаар баталлаа. Цаашид ч Улсын Их Хурлаас боловсролын салбарын хөрөнгө оруулалтын хэмжээг боломжит хэмжээгээр өсгөж, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, дээд боловсрол, мэргэжлийн ур чадварын боловсролыг дэмжихэд онцгой анхаарал хандуулах болно.
Өнөөгийн нийгмийн өнгө төрх, ирээдүйн нөхцөл байдалтай уялдуулан боловсролын салбарын өмнө, тэр дундаа багш нарын өмнө тулгамдаад байгаа олон асуудал байгаагийн нэг нь боловсролын салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал юм. Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, сургалтын орчин, сургах, сурах арга барилын шинэчлэл, багш, ажилтны нэр хүнд, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа, академик эрх чөлөө зэрэг өргөн хүрээг хамарсан боловсролын хөгжлийн бодлого, зохицуулалт, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг бодлого, шийдвэр, төсөв, санхүү, хууль эрх зүйн хүрээнд тасралтгүй дэмжин ажиллах нь Улсын Их Хурлын чухал үүрэг байх болно.
Монголын ард түмэн эрдэм ухааныг дээдэлж багшаа хүндэлдэг, багш шавийн барилдлагыг эрхэмлэдэг ёс уламжлалтай. Уламжлал шинэчлэлийн уялдаанд монгол хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, бүтээлч сэтгэлгээтэй, XXI зууны “зөөлөн” чадварыг эзэмшсэн ёс зүйтэй, насан туршдаа суралцах чадвартай, үндэсний хэл соёлоо дээдэлдэг иргэн болж төлөвших, боловсролын салбарын хөгжлийг дэлхийн түвшинд хүргэхэд Та бүхний эв нэгдэл, эрдэм оюун, хичээл зүтгэл, хамтын ажиллагаа маш чухал байх болно.
Салбарын өмнө тулгамдсан асуудлаа нухацтай хэлэлцэн, тодорхой шийдлүүдийн талаар санал бодлоо илэрхийлэн, боловсролын салбарыг хөгжлийн шинэ шатанд гаргахаар Их хурлаа хийж байгаа багш нар Та бүхэнд болон түүнийг дэмжин зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье.
Монголын багш нарын VII их хурлаас гарах шийдвэр нь боловсролын эрх зүйн орчин, багшийн хөгжил, мэргэжлийн ёс зүй, нийгмийн баталгаа, сургалтын чанар, хүүхдийн хамгаалал, хөгжил, төлөвшил, хүмүүжил зэрэг олон тулгамдсан асуудлыг шийдэхэд онцгой ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна.
Багш нарын VII их хурлыг санаачлан зохион байгуулагчдад талархал илэрхийлж, өсвөр үеэ сурган хүмүүжүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.
Эрдэм ухаан түгэн дэлгэрэх болтугай.
2019.04.11 Улаанбаатар хот