Цэс

Холбоо барих

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.04.11/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.17 цагт 58.7 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлын дарааллыг танилцуулав.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Нямдорж нар горимын санал гаргасан.

Гишүүд Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Монгол Улсын парламентад ирүүлсэн шийдвэрийг судалж, санал, дүгнэлт боловсруулан чуулганы хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий түр хороог байгуулан нарийн судлан үзэх шаардлагатай гэж үзэн “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулсан гэдгийг дурдаад уг тогтоолын төслийг Хууль зүйн байнгын хороо хэлэлцэхийг дэмжсэн гэлээ.

Дээрх асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.

Мөн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28.1.3, 28.1.4 дэх заалтыг үндэслэн тарах шийдвэр гаргасан болохыг уламжилсан юм.


Ингээд хэлэлцэх асуудлын эхэнд бичигдсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг тус Байнгын хороо 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хийсэн бөгөөд Байнгын хорооны 2018 оны 22 тоот тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ахлан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Сарангэрэл, А.Ундраа, Н.Учрал, Ц.Цогзолмаа, С.Чинзориг нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллажээ.

Тус Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг хоол зүйч, тогооч, туслах тогооч болон суралцагчийн тооноос хамаарсан туслах ажилтнууд бүхий мэргэжлийн хүний нөөцтэйгээр шаардлага хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмж ашиглан явуулж, суралцагчдад өдрийн хоол, дотуур байрны хүүхдэд хоолоор үйлчлэхээр хуулийн төсөлд тусгах санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Мөн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, улсын хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий нэгжтэй байх, энэхүү нэгж нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, улсын төсөвт тусгаж, хэрэгжүүлэх асуудлыг төсөлд тусгахыг Байнгын хороо дэмжжээ.

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийг тэгш хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх, хоолны норматив зардал буюу нэг хүүхдэд ногдох хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний зардлыг инфляцийн түвшин болон суралцагчийн шим тэжээлийн хэрэгцээтэй уялдуулан жил тутам Засгийн газраас шинэчлэн батлах тухай санал мөн олонхын дэмжлэг авсан байна.

Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжид хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хариуцах орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар үүсгэн байгуулах, энэхүү үйлдвэрийн газрыг байгуулах боломжгүй гэж тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэсэн бол худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу зохион байгуулах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд хэчнээн сургууль гал тогоогүй вэ гэдгийг лавлаад бүх сургуулийг гал тогоотой болгохын тулд ямар арга хэмжээ авах, үүнд хэдий хэрийн хөрөнгө зарцуулах, сурагчдад чанартай үдийн хоолоор үйлчлэх боловсон хүчний хүрэлцээ бий эсэх, хүнсний бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг хэрхэн шийдэх талаар тодруулсан.

Мөн сургууль бүрт ажиллах Хоол зүйч ямар үүрэг гүйцэтгэх, ийм мэргэжилтнийг хэрхэн бэлтгэхээр төлөвлөж байгааг лавлаж байлаа.


Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Оюунчимэг болон бусад ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар нийт 40 сургуульд шинээр гал тогоо барих, 170 сургуулийн гал тогоонд засвар үйлчилгээ хийх, 430 сургуулийн гал тогоонд тоног төхөөрөмж нийлүүлэх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Бага ангитай бүх сургуульд үдийн цайны тогооч болон туслах тогооч ажиллуулахаар тооцоо хийсэн байна. Бага ангитай 663 сургуульд 1 үдийн цайны тогооч, бага ангийн 1000 хүүхэд бүрт 1 туслах тогооч байхаар тооцвол нийт 626 тогооч, 686 туслах тогооч шаардлагатай гэсэн дүн гарчээ.

Бүх төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрт 1 хоол зүйч ажиллахаар тооцвол нийт 652 “Хоол зүйч” шаардлагатай болж байгаа юм байна.

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, гаднаас импортоор авч хэрэглэх хүнсний зүйлсийн жагсаалтыг баталж өгөхөөр төсөлд тусгасныг ажлын хэсгийнхэн онцолж байлаа.

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдан зохион байгуулах “Хоол зүйч” нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд зохистой дадал нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавихаас гадна ХООЛНЫ цэс боловсруулж, сургуулийн захирлаар батлуулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцогчдод мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх аж. Түүнчлэн суралцагчдад хооллох зөв дадал, хооллох соёл, тэнцвэртэй хооллолт, шимт бодисын тухай суурь ойлголт, уламжлалт хоолны соёл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг эзэмшүүлэх үүрэг хүлээх аж.

Хоол зүйчийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн бэлтгэх ажлыг зохион байгуулах, өдрийн хоолны үйлчилгээнд бага ангийн суралцагчдыг 2020-2021 оны, дунд ангийн суралцагчдыг 2021-2022 оны, ахлах ангийн суралцагчдыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хамруулахаар тусгажээ.


Нийт сургуулиудыг гал тогоотой болгох, засварлах, тоног төхөөрөмж нийлүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх болоод бусад асуудлыг шийдвэрлэхэд 300 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан бөгөөд таван жилийн хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авснаар өндөрлөсөн бөгөөд үдээс хойших хуралдаанаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл