Улсын Их Хурал Нотариатын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2011 онд баталжээ. Улмаар 2012 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд нотариатын үйл ажиллагаа хамаарахгүй байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь нотариатчид тавигдах шаардлагыг тодорхойгүй болгож, улмаар хуулийн хийдэл үүсгэсэн байна. Түүнчлэн Нотариатын тухай хуулийг эрх зүйн салбарын хөгжил, шинээр батлагдан гарч байгаа бусад хууль тогтоомжтой уялдуулах шаардлага байгааг үндэслэн уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Хуулийн төсөл нь 6 зүйлтэй бөгөөд
- Нотариатын үйл ажиллагаа эрхлэгч нь хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх, улмаар хууль зүйн үргэлжилсэн сургалтад жил бүр хамрагдаж, тогтоосон багц цагийг хангаж байх;
- Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс төрийн гэрчлэх чиг үүргийг гүйцэтгэдэг, үйлчилгээний хөлс, зардлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлан мөрдүүлдэг, нотариатч өөрөө үйлчилгээний хөлс зардлаа тогтоох боломжгүй байдаг тул нотариатын үйлчилгээг нэмэгдсэн өртөг ногдох бараа, ажил үйлчилгээнд хамааруулсан зохицуулалтаас хасаж, нотариатч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.21-д заасан хэрэглэгчийн системтэй байх бөгөөд үзүүлсэн үйлчилгээ, үйлчилгээний хөлс, тээврийн зардлын хэмжээг тусгасан төлбөрийн баримтыг үйлчлүүлэгчид олгож, энэ талаарх тайлан мэдээг холбогдох байгууллагад гаргаж өгдөг байх;
- Нотариатын тусгай зөвшөөрлийг бусад хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай адилтган “зөвшөөрөл” болгож, түүнийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлдэг, түдгэлзүүлсэн хугацаанд сургалтын багц цагийг хангадаг байх, төрийн жинхэнэ алба хаагчийн насны дээд хязгаарт хүрсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болдог байх;
- Нотариатчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, Нотариатчдын танхимын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хуулийн зүйл, заалтыг ойлгомжтойгоор томъёолох, нотариатын зарим төрлийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах зэрэг зохицуулалтуудыг шинээр тусгажээ.