Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус “Бодлогын зөвлөл байгуулах тухай” захирамж гаргасан билээ.
Тус зөвлөлийн анхны хуралдаан өнөөдөр (2019.04.17) болж, УИХ-ын дарга Г.Занданшатар Бодлогын зөвлөл байгуулсан зорилго, үйл ажиллагааны чиглэл, ойрын үед хийж хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар мэдээлэл өгөв.
Хурлаар Орон тооны бус зөвлөлийн ажиллах журмыг батлах, Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын гишүүний Ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэн, санал өгөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Бодлогын зөвлөлийн гишүүд Зөвлөлийн ажиллах журмын төслийг хэлэлцээд, гишүүдийн гаргасан саналыг тусгаж батлах нь зүйтэй гэж үзлээ.
Зөвлөл нь:
-УИХ-ын даргын үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөх;
-УИХ-аар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах ажилд УИХ-ын даргаас үүрэг болгосон асуудлаар судалгаа, мэдээллийн дэмжлэг үзүүлэх;
-УИХ-ын бүрэн эрхэд хамаарах тодорхой асуудлаар судалгаа, шинжилгээ хийж, санал дүгнэлт боловсруулах зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар журмын төсөлд тусгажээ.
Бодлогын зөвлөлийн гишүүд Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Их хурлын гишүүний Ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн хувилбартай танилцаж, санал бодлоо илэрхийллээ.
Хуралдаанаар тэдгээр саналыг нэгтгэн, дүгнэлт зөвлөмж боловсруулж дараагийн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэж үзээд, энэ асуудлыг хариуцах ажлын багийг Зөвлөлийн гишүүдийг оролцуулан байгуулав.