Цэс

Холбоо барих

Төсвийн байнгын хорооны хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын өнөөдрийн /2019.03.20/ ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гурав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдэв. Тэрбээр, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Үндсэн хуультай зөрчилдөж буй заалт, зохицуулалтууд байна. Тухайлбал, төслийн 70.1-т “Татварын алба татварын өр хураах зорилгоор битүүмжилсэн хөрөнгийг дуудлага худалдаагаар, эсхүл шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлж, мөнгийг холбогдох төсөвт төвлөрүүлнэ. Дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулж болно” гэсэн нь бусдын өмч, хөрөнгийг өр барагдуулах нэрийн дор хураах, дуудлага худалдаанд оруулах, татвар төлөгчдийн барьцааны зүйлсээс татварын өр барагдуулах, мөн батлан даагчаас өр барагдуулах эрх зүйн орчныг бий болгох юм байна. Энэ нь Үндсэн хуульд харшилсан зүйл, заалт гэлээ. 

УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганы үйл ажиллагаа нарийн тов, төлөвлөгөөний дагуу шахуу хугацаанд ажиллаж байгааг тэмдэглэж, УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан саналын дагуу төслүүдэд Үндсэн хуультай зөрчилдөж буй заалт бий эсэхийг нягтлан, Төсвийн байнгын хороо, ажлын хэсэг дүгнэлт гаргуулахаар гурван цагийн завсарлага олгов.

Энэ дагуу ажлын хэсэг хуралдсаны дараа УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан 21 цаг 45 минутад гишүүдийн 63,2 хувийн ирцтэйгээр эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлэлцэх гэж буй асуудал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22.6 дахь заалтыг зөрчиж байгаа тул маргаашийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар “Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороогоор дахин хэлэлцүүлэх” гэсэн санал хураалт явуулах тухай горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Төсвийн байнгын хорооны хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл