Цэс

Холбоо барих

Ерөнхий хяналтын сонсголд иргэдийн төлөөллийг оролцуулна

ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛЫН ЗАР

    Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг урьж байна.

    Бүртгэл: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 17.30 цаг хүртэл явагдах тул ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог, нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ. 

    Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажих бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна. Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн дотор бичгээр ирүүлсэн байна.

    Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо. /Лавлах утас: 51-261240/

    Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn

    Жич: Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журамд заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ. 

    Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар Нийтийн сонсголын тухай хууль, Нийтийн сонсгол зохион байгуулах журам, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль холбоосоос дэлгэрэнгүй танилцана уу.



БАЙГАЛЬ ОРЧИН, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН

БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл