Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Сабин” олон улсын институттэй хамтран “Дархлаажуулалтын хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтвортой байдал” сэдэвт олон улсын хэлэлцүүлгийг 2014 оны 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд “Туушин” зочид буудалд зохион байгуулж байна.
Олон улсын хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны дэд сайд Ж.Амарсанаа, Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан П.Нямдаваа, Сангийн яамны Төсвийн зарлагын хэлтсийн дарга О.Хуягцогт, Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Түүнчлэн хэлэлцүүлэгт Уганда, Вьетнам улсын парламентын гишүүд, дархлаажуулалтын асуудлаарх инситутын төлөөлөгчид оролцож, эдгээр улс орнуудын дархлаажуулалтын хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн тогтвортой байдлын талаар харилцан туршлага солилцлоо.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт хэлэлцүүлгийг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ манай улс дархлаажуулалтын хууль эрх зүйн орчинг бүрдүүлж чадсан орон бөгөөд Улсын Их Хурлаас 2000 онд баталсан Дархлаажуулалтын тухай хууль нь хүн амыг халдварт өвчнөөс сэргийлэх, дархлаажуулалттай холбогдсон эрх зүйн харилцааг зохицуулж өгснөөрөө чухал ач холбогдолтой хууль болсныг онцлон тэмдэглэв.
Энэ хуулийн хүрээнд Засгийн газар Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах, Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, Дархлаажуулалт бүхий халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх дэд хөтөлбөрүүдийг баталж, амжилттай хэрэгжүүлж ирлээ.
Дээр дурьдсан хөтөлбөрүүд хэрэгжсэнээр улсын хэмжээнд заавал хийвэл зохих дархлаажуулалтын хамралт 96-99 хувьд хүрч, дархлаажуулалт бүхий халдварт өвчин болох сахуу, хөхүүл ханиад, татран 2004 оноос хойш, улаанбурхан 2009 оноос хойш, полиомиелит өвчний тохиолдол бүртгэгдээгүй нь уг хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгааг харуулж байна.Түүнчлэн манай улс халдварт саа өвчний эсрэг дархлаажуулалтыг амжилттай зохион байгуулсны үр дүнд уг өвчнийг бүрэн устгасан Ази тивийн анхдагч улс болсон юм.
Дархлаажуулалтын хамралт ийнхүү өсөж, тогтворжихын хирээр вакцины чанар, аюулгүй байдал болон вакциныг үйлдвэрлэх, түгээх, хадгалах, хийх явцад тавигдах стандарт дэглэмийг хатуу сахих, сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээ жил ирэх тутам өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, Дархлаажуулалтын санд зориулж 2006 онд 412,7 сая төгрөг, 2010 онд 2,689,1 сая төгрөг төсөвлөж байсан бол 2015 онд 7,0024 сая төгрөг зарцуулахаар төсөвлөсөн нь энэ асуудалд төр засгийн зүгээс ихээхэн анхаарал тавьж байгаагийн илрэл юм.
Энэхүү хэлэлцүүлэг нь хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд гол үүрэгтэй дархлаажууулалт, түүний санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхэд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдын идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх, дархлаажуулалтын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, Азийн орнуудын парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА