Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 05 тоот тогтоолоор байгуулагдсан Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг бүх шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 14.00 цагт 334 тоот өрөөнд хуралдлаа.
Ажлын хэсгийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч А.Бакей удирдаж, хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Ц.Алтанчимэг, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын зарлагын хэлтсийн мэргэжилтэн В.Ренцэнханд, Үндэсний статистикийн газрын Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Төлөвлөлт, санхүү бүртгэлийн газрын дарга Ч.Чулуунчимэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Т.Ганзориг нар болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.
Ажлын хэсгийн гишүүд Хамтын тэтгэврийн хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын дэд хэсгээс хийсэн тооцоо судалгаан дээр харилцан ярилцаж, хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хэлэлцэв.
Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг хуулийн төсөл дээр дурдсан 10, 20 жилийн тоон үндэслэгээ, тооцоо судалгааг хэрхэн гаргасныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас тодрууллаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул “10 ба түүнээс дээш жил хамт амьдарч 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эхнэр, нөхөр” гэж хуулийн төслийн үзэл баримтлалд тусгагдсан тоон үзүүлэлт, түүнчлэн гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэрлэлтийн бүртгэлийг сайжруулах үүднээс эдгээр тоон үзүүлэлтийг оруулсан гэлээ.
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей 50, 70 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийг олгоход шаардагдах төсвийн тооцоо, судалгааг нягталж үзээд холбогдох яамд, хэрэгжүүлэгч агентлагийн төлөөллийн санал сонсов. Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын зарлагын хэлтсийн мэргэжилтэн В.Ренцэнханд цаашид тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж, улсын төсөв, нийгмийн даатгалын санд ачаалал учруулах төсөөлөл, тооцоо судалгаа бий, ялангуяа 1960-1970-иад онд төрсөн иргэд дараа жилээс эхлэн тэтгэвэрт гарч эхэлнэ гэв.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч А.Бакей хүн амын насны бүтэц, нийт тэтгэврийн авагчдын эзлэх хувийн тооцоо, судалгааг хийхийг ажлын дэд хэсгийн гишүүдэд үүрэг болгоод ажлын хэсгийн гишүүд хуулийн төсөлд дурдагдсан 10,20 жил гэсэн тоон үзүүлэлтийн үндэслэл, цэргийн тэтгэвэр авагчдыг уг хуулийн төсөлд хамруулах эсэх, хуулийн төслийг хэрэгжүүлэхэд улсын төсвөөс шаардагдах хөрөнгийн эх үүсвэр, хамтын тэтгэврийг 5 жилээр буцаан хэрэглэсэн тохиолдолд тэтгэвэр авах магадлалтай иргэдийн тооцоо судалгааг Улсын Их Хурал дахь намын бүлгүүд дээр ярилцахыг ажлын хэсгийн гишүүдэд санал болголоо.
Ажлын дэд хэсгийн хуралдаан 16.00 цагт өндөрлөлөө.
НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА