НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ, ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙГ АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГЭСЭН ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ САНАЛ, ДҮГНЭЛТ
2012 оны 10 дугаар Улаанбаатар хот
сарын 30-ны өдөр
Илтгэгч нь: Улсын Их Хурлын
гишүүн Н.Батцэрэг
гишүүн Н.Батцэрэг
Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын гишүүн Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт, Н.Батцэрэг, Ц.Даваасүрэн, С.Оюун, Л.Цог, Д.Эрдэнэбат нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Цог, Д.Лүндээжанцан, Ч.Сайханбилэг нар өөрсдийн байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Ж.Батсуурь нар төслийн 1 дүгээр зүйлийн 2 дугаар заалт буюу “Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр 11 дүгээр сарын 26” гэсэн 5.1.16 дахь заалтыг хасах, төслийн “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай” гэсэн 2 дугаар зүйлийг хасахаар зарчмын зөрүүтэй санал гаргаж, Байнгын хороогоор дэмжигдсэн болно.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.
Анхаарал тавьсанд баярлалаа.
ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН
БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА А. БАКЕЙ