Цэс

Холбоо барих

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСВУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр (2018.11.19) Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай ДоанТхи Хиөнг-ийг хүлээн авч уулзав.


    Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга уулзалтын эхэнд БНСВУ-аас Монгол Улсад суугаа хатагтай Элчин сайдтай уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа улам идэвхжиж, дээд өндөр түвшний төлөөлөгчдийн харилцан айлчлал тогтмолжиж байгаа, тэр дундаа хууль тогтоох дээд байгууллага хоорондын хэлхээ холбоо гүнзгийрэн бэхжиж хоёр орны улс төрийн харилцааг урагшлуулан хөгжүүлж, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг тэмдэглэв.

    Мөн энэ оны нэгдүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНСВУ-д зохион байгуулагдсан Ази, Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар хуралдаанд оролцож, Вьетнамын Үндэсний Ассамблейн даргын урилгаар албан ёсны айлчлал хийсэн нь Монголын талаас Улсын Их Хурлын даргын түвшинд найман жилийн дараа хэрэгжүүлсэн айлчлал болсон. Энэхүү айлчлалын үеэр Монгол, Вьетнам хоёр улсын хууль тогтоох байгууллагууд 2018-2022 онд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан нь парламент хоорондын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны чиглэл, эрх зүйн орчинг бататгасан чухал алхам болсныг онцоллоо. 


    Вьетнам, Монгол хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхэн уламжлалтай, тиймээс ч Вьетнам Улсын анхлан дипломат харилцаа тогтоосон арван улсын нэг нь Монгол Улс юм, үүний зэрэгцээ дайны хүнд бэрх жилүүдэд сэтгэл харамгүй тусламж дэмжлэг үзүүлж байсан Монголын ард түмэнд вьетнамчууд талархаж байдгийг хатагтай Элчин сайд онцлоод ирэх онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр Элчин сайдын яам ажиллаж байгааг дурдав.

    Мөн тэрбээр Вьетнамын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгүен Хань Фук-гийн мэндчилгээг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад уламжлаад хоёр орны хууль тогтоох дээд байгууллагууд болон парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Элчин сайдын яам анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Элчин сайдаар ажиллаж буй нэг жил орчмын хугацаанд Монголын арван аймагт зочилж хөдөө орон нутгийн ажил, амьдралтай танилцсан, мөн аймаг, нийслэлийн дүүрэг хоорондын шууд хамтын ажиллагааг дэмжих чиглэлд анхааран ажилллаж буйгаа хэллээ.

    Уулзалтын үеэр Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Эрхэмсэг хатагтай Нгүен Тхи Ким Нган Монгол Улсад айлчлах урилгатай байгааг дахин нотлоод “Манай тал хатагтай Спикерийг ирэх жил буюу хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилна гэсэн хүлээлттэй байгаа. Вьетнамын талаас Үндэсний Ассамблейн даргын түвшинд 2003 оноос хойш айлчлал хэрэгжээгүй байна. Иймд бид энэхүү айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа” гэдгийг онцлов. Түүнчлэн өнгөрсөн онд Вьетнамын Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын урилгаар тус улсад хийсэн албан ёсны айлчлал ихээхэн үр дүнтэй, чухал ач холбогдолтой болсныг тэмдэглээд Үндэсний Ассамблейн Тамгын газрын Ерөнхий нарийн даргыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр гэдгийг дахин нотоллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл