Цэс

Холбоо барих

Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэхийг хойшлууллаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2018.11.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Ханшийн өсөлттэй холбогдуулж хийсэн интервенци, мөнгөний болон төсвийн бодлогын уялдаа, Засгийн газрын өрийн талаар” тавьсан асуулгын хариуг сонсов.


Асуулгын хариуг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар танилцуулсан юм.

Гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсэн, томоохон дүнтэй Засгийн газрын бондуудын эргэн төлөлт давхацсан энэ үед төгрөгийн ханш огцом сулрахаар байсан ч Засгийн газар, Монголбанк макро эдийн засгийн бодлогуудыг харилцан уялдаатайгаар оновчтой хэрэгжүүлсний үр дүнд бусад хөгжиж байгаа орнуудтай харьцуулахад бага хэмжээгээр буюу 2018 оны эхнээс төгрөг ам.долларын эсрэг ханш 2018 оны 10 дугаар сарын 18-ны байдлаар 5.5 хувиар сулраад байна хэмээсэн.


Ам.доллар чангарч, гадаад улс орнуудын валютын ханш сулрах болсон нь томоохон эдийн засагтай орнуудын хооронд үүссэн тарифын асуудлууд, гадаад худалдааны бодлогын өөрчлөлтөөс үүдэлтэй тодорхой бус байдал нэмэгдсэн зэрэгтэй холбоотой юм байна. АНУ болон БНХАУ-ын хооронд сүүлийн үед үүсээд байгаа худалдааны маргаан, тарифын асуудал нь дэлхийн эдийн засаг, санхүүгийн төлөв байдалд тодорхойгүй байдлыг үүсгэж, улмаар санхүүгийн зах зээлд оролцогч, хөрөнгө оруулагч нарын дунд болгоомжлол үүсгэсэн хэмээн сайд Г.Занданшатар дурдсан.

Гадаад валютын улсын нөөц 2017 оны хоёрдугаар сарын байдлаар 1 тэрбум ам.доллар хүртэл буурч, гадаад бондуудын эргэн төлөлтийн хугацаа дөхөж, төгрөгийн ханш унаж, ам.доллар 2485.4 төгрөгтэй тэнцэж байсан. Иймд Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ хүрээнд гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлж, гадаад бондуудын томоохон төлбөрүүдийг валютын нөөцөд дарамтгүй, эдийн засагт эмзэг байдал үүсгэлгүйгээр дахин санхүүжүүлсэн гэлээ. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн, хөгжлийн түншүүдийн дэмжлэг нэмэгдсэн зэргийн үр дүнд дээрх зорилтыг хангаж, гадаад валютын улсын нөөцийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 2.8 тэрбум ам.долларт хүргээд байгааг сайд мэдээлэлдээ дурдсан.

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төлбөрийн тэнцлийг сайжруулах болон төсвийн алдагдал санхүүжүүлэх эх үүсвэрүүдийг хөгжлийн түнш байгууллагуудаас авч ашиглаж байгаа нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөөг үзүүлсэн гэж сайд онцлоод хөтөлбөрийн дөрөвдүгээр үнэлгээний хүрээнд тохиролцсон арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр дунд хугацаанд гадаад валютын улсын нөөц цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна гэсэн.

Тэрбээр улсын болон Засгийн газрын өрийн хэмжээ нэмэгдсэн нь валютын ханшид нөлөөлсөн эсэх, төсвийн алдагдал үндэсний валютын ханшийн сулралд нөлөөлөх эсэх, Монголбанкны валютын хяналт ямар хэмжээнд байгаа талаар гишүүний асуулга дахь асуултуудад мэдээллээрээ хариулт өгсөн.


Дараа нь асуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах байсан ч асуулга тавьсан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч болон холбогдох албан тушаалтнуудыг байлцуулж байж асуулгын хариуг сонсох хүсэлт гаргасан учир асуулгыг хэлэлцэхийг хойшлууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл