Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 21 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуульд, “Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход сонголт хийх эрх” гэсэн зүйлийг нэмжээ.

Мөн дугаарт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Үүнд тухайлбал, Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангах, болзошгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол тухайн асуудлыг ерөнхий гүйцэтгэгч хариуцахаар хуульд тусгажээ.

Үүнээс гадна эрсдэлийн түвшин их ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд тухайн ажилтны 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр заавал даатгуулна. Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг ажил олгогч хариуцах бөгөөд ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд заасан нөхөн төлбөрийг ажил олгогч олгохгүй байх үндэслэл болохгүй гэж хуульчилж өгсөн байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтлэв. Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.6-д заасан орлогын 33-аас доошгүй хувийг ашигт малтмалын олборлолт хийсэн сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгохоор, Аймаг, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан нь энэ хуулийн 60.2.7-д заасан орлогын 50-аас доошгүй хувийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд олгохоор энэ хуульд тус тус тухайлан заажээ.

Түүнчлэн Аймаг, нийслэл нь орон нутгийн хөгжлийн сангаас энэ хуулийн 59.1.1-59.1.5-д заасан орлогын шилжүүлгийн 60-аас доошгүй хувийг сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн санд энэ хуулийн 59.3-т заасан үзүүлэлтийг харгалзан хуваарилахаар болсон байна.

Эмхэтгэлд, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Төрөөс ойн талаар баримтлах бодлого нь Монгол Улсын эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлыг цогцоор нь ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан хүний сайн сайхны төлөө ой модны нөөцийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой асуудлаар ирээдүйд гаргах шийдвэр, үйл ажиллагааг чиглүүлсэн, ойн бодлогын зорилго, баримтлах зарчим, хэрэгжүүлэх зорилтыг тодорхойлсон баримт бичиг мөн гэдгийг дээрх баримт бичигт тодорхойлохын зэрэгцээ бодлогын зорилго юунд оршиж байгаа, бодлогыг хэрэгжүүлэхэд ямар зарчим баримтлах, бодлогын хүрээнд хэрэгжүүлэх зорилт зэргийг тогтоож өгсөн байна.

Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг хоёр үндсэн үе шаттайгаар, нэгдүгээр үе шатыг 2015-2020 онд, хоёрдугаар үе шатыг 2020-2030 онд хэрэгжүүлэх бөгөөд байгалийн аясаар сэргэн ургасан болон таримал ойг 2020 онд 310.0 мянган га, 2030 онд 1,500.0 мянган га талбайгаар нэмэгдүүлэх, модон түүхий эдийн ашиглалтын түвшинг 80 хувьд хүргэж, иргэдийн мод, модон бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангах зэрэг үр дүнд хүргэхээр тооцоолжээ.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтлэв.

Энэ хуулийн  “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн нь Үндсэн хуулийн “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.”,“... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэсэн заалтыг зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Цэц гаргажээ.

Мөн дугаарт нийтлэгдсэн Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор бол Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “... нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь ...” гэсэн нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ...” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгосон байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл