Цэс

Холбоо барих

ЖДҮХС-тай холбоотой асуудлыг шалгах Түр хороо байгуулах төсөл өргөн барилаа

 

Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа нар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулснаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог зээлээс УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлын хүрээнд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн төдийхнөөр хариуцлагын асуудал хязгаарлагдсан.

Засгийн газар, тэр дундаа Сангийн яамнаас ажлын хэсэг гарган ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын бусад сангийн үйл ажиллагааг шалгаж байгаа гэх боловч тодорхой үр дүн гараагүй байна. Түүнчлэн ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээж байгаа албан тушаалтан алга. Үүнд иргэд, олон нийт ихэд шүүмжлэлтэй хандаж, буруутай этгээдэд ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг төрөөс шаардаж байна.

Түүнчлэн асуудалд холбогдсон Засгийн газар өөрийгөө шалгаж байгаа, эрх мэдэл бүхий төрийн өндөр албан тушаалтан уг асуудалд холбогдсон зэрэг нь шалгалтын үр дүнд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд үнэн зөв, бодит мэдээлэл гарна гэдэгт иргэд, олон нийт итгэхгүй байна.

Иймд УИХ-ын нэр бүхий гишүүд бид УИХ-аас хараат бус, бие даасан байдлаар ажиллах Түр хороог байгуулж, үүсэн асуудлыг хянан шалгах нь зүйтэй гэж үзээд тогтоолын төсөл боловсрууллаа хэмээн танилцуулгад дурдсан байна.     

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл