Цэс

Холбоо барих

ХЗБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэнгүй

  

  УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.21) хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 02 минутад эхэлж гурван асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиуд, түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай,  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хоригийн талаар хуралдаанд танилцууллаа. 


    УИХ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийг баталж, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцсан болохыг дурдав. Монгол Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон нэгдмэл бодлого, улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой Монгол төрийн бодлого мөн гэдгийг тодотголоо. Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнээс гаргасан маш тодорхой уриалга, санаачилгыг Улсын Их Хурлын гишүүд хүлээн авч, төсвөө чамбайруулахын оронд зураг төсөлгүй барилга, арга хэмжээг нэмэх, “гишүүний мөнгө”-ийг 5 тэрбумаас 8 тэрбум хүртэл өсгөх, Улсын Их Хурлын даргын төсвийг 15 орчим хувиар нэмэгдүүлэх зэргээр улам дордуулж, 42 гишүүний ирцтэйгээр хуралдан, 26 гишүүний саналаар улс орны “хөгжих эсвэл хямрах”-ын үндэс болдог төрийн чухал бодлогыг нэн хариуцлагагүй баталж байгаа нь Улсын Их Хурлын өнөөгийн бүрэлдэхүүний үйл ажиллагаанд эргэлзэх хандлагыг улам лавшруулж, улс төр, нийгэм, эдийн засгийн хямралыг бодитой болгох ноцтой үр дагаварт хүргэнэ хэмээн үзсэн болохыг З.Энхболд дарга танилцууллаа. Түүнчлэн төсөв батлахад Улсын Их Хурлын 33 гишүүн оролцоогүй, батлагдсан төсөвт хууль зөрчсөн, улс орны хөгжлийн бодлогод нийцээгүй олон асуудал тусгагдсан зэрэг нь “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн Үндсэн хуулийн үзэл санаа, зохицуулалтыг бүрэн зөрчигдсөн гэж дүгнэхэд хүргэсэн гэв. Хоригт дурдагдсан Эдгээр алдааг бүрэн засаж, улс орны эрх ашиг, аюулгүй байдал, хөгжлийн бодлого, зорилтод нийцүүлэхийн тулд Монгол Улсын 2019 оны төсвийг дагалдах хууль тогтоомжуудын хамт шинээр боловсруулан, УИХ-аар дахин хэлэлцэж батлах шаардлагатай гэжээ. 


    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ төсвийг боловсруулсан Засгийн газрын албан тушаалтнуудтай Ерөнхийлөгч уулзаж, санал солилцсон эсэхийг тодрууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хариулахдаа “Төсвийн төслийг өргөн мэдүүлээд, хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд оролцон, ирэх оны төсвийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Төсөл дэх алдаа дутагдлуудыг засах бололцоо бий гэдгийг сануулсан, мөн үүнээс хэдхэн хоногийн дараа албан бичгээр уг саналаа хүргүүлсэн байдаг. Ерөнхийлөгч даалгасны дагуу төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр би хоёр удаа төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзсан. Саналуудыг танилцуулсан. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар энэ асуудлаар 2-3 удаа албан ёсоор уулзсан. Тэгээд төсөв батлагдсан. Үүний өмнө Засгийн газрын хуралдаанаар төсвийн төслийг буцаан татах асуудлыг хэлэлцсэн ч хуралдаанаар дэмжээгүй юм. Тэгээд батлагдсаны дараа төсөвт хориг тавиад, тэр дагуу Засгийн газар төсвийн тухай хуулийг эргүүлэн татаад засвар, өөрчлөлт оруулахаар асуудлыг ярилцсан. Үйл явц сар орчим үргэлжилсэн. Энэ дагуу хоригийг хэлэлцүүлж байгаа бөгөөд Төсвийн байнгын хороо хүлээж аваагүй. Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо шийдвэрээ гаргана, дараа нь нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ” гэлээ. 

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь, Д.Ганболд, Ц.Нямдорж, С.Эрдэнэ, Ш.Раднаасэд нар байр сууриа илэрхийлэв. Төсөвтэй холбоотой хууль, тогтоолуудад бүхэлд нь Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь Монгол Улсын түүхэнд анх удаа тохиож байгааг гишүүд хэлж байв. Хоригт дурдсан үндэслэлүүд бодитой бус бөгөөд төслийг Засгийн газрын боловсруулж, өргөн мэдүүлснээр баталсан гэдгийг тайлбарлаж байв. Үүн дээр Засгийн газар байр сууриа илэрхийлж, тайлбараа хийх ёстой гэдгийг хэлсэн юм. Мөн төсвийн төслийг хууль зөрчин өргөн мэдүүлсэн, боловсруулсан гэдэг нь үндэслэлгүй гэдгийг тайлбарласан. 2019 оны улсын төсөвт бүхэлд нь хориг тавих нь улс орны хэмжээнд ихээхэн эрсдэл дагуулах бөгөөд цалин, тэтгэвэр, тэтгэмж, төсөвт байгууллагуудын санхүүжилт, төсвийн хөрөнгө оруулалт бүрнээ зогссоноор эдийн засаг, нийгэмд ноцтой нөлөөлөл үүсгэх үр дагавартай. Хэрэв Ерөнхийлөгч тодорхой үндэслэлээр хэсэгчлэн хориг тавьсан бол уг саналыг УИХ авч үзээд, дэмжих бололцоо байсан гэдгийг гишүүд онцолж байсан юм. Хоригт дурдсанчлан төсвийн төслийг дахин боловсруулахад хуулийнхаа дагуу хагас жил, бүх шатандаа маш хурдтай ажиллахад хоёр сар зарцуулах юм. Ийм тохиолдолд 2019 оны хоёрдугаар сард төсөв батлагдана, дахиад Ерөнхийлөгч хориг тавьчихвал асуудал долдугаар сар хүргэнэ. Энэ мэтээр олон асуудал ар араасаа хөвөрсөөр улс орон санхүү, эдийн засаг, нийгмийн, цаашлаад улс төр, засаглалын тогтворгүй байдал руу орох аюул нүүрэлж байна гэдгийг хэлж байв. Ингээд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай Монгол Улсын хуулиуд, түүнчлэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай,  Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 79, 80 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулсан юм. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжээгүй бөгөөд энэ тухай чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

    Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Байнгын хорооноос боловсруулсан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг хэлэлцэв. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил тодруулга хийсэн. Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд тухайн эд хөрөнгө барьцаанд байгаа гэдгийг нотариатч бүртгэлийн байгууллагад мэдэгддэг байх зохицуулалтыг тусгах нь зүйтэй, үүнийг төсөлд тусгах бололцоо бий эсэхийг лавлаж, хариулт авсан. Ингээд зарчмын зөрүүтэй саналын нэг томъёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн бөгөөд Байнгын хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дээрх төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн юм. 

Үндсэн хуулийн цэцийн 14 дүгнэлтийг хэлэлцэв

    

    Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.4 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөний дараа орон нутгийн хурлын төлөөлөгчийг нэр дэвшигчийнх хувьд нэрийн жагсаалтаас хасах тухай сонгуулийн хорооны шийдвэр гарсан бол тухайн төлөөлөгчийн мандат нь хүчингүй болж, бүрэн эрх нь дуусгавар болно.” хэмээн хуульчилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцээд гаргасан 14 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн юм. Сонгуулийн дүнд байгуулагддаг УИХ болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд нь хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар, тухайлбал Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин сонгогдож тангараг өргөн, бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдсөн Улсын Их Хурлын гишүүнд хүлээлгэх энэ төрлийн хариуцлагыг хуульчлаагүй нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга ёс, тэгш байдлын зарчмыг алдагдуулсан, Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэсэн заалтыг зөрчсөн байна хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, 14 дүгээр дүгнэлтийг гаргасан юм. 

    Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил санал хэлсэн. Үүний дараа санал хураалт явуулахад гишүүд 90 хувийн саналаар дэмжсэн тул энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл