Цэс

Холбоо барих

БОХХААБХ Газар тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэлэлцүүлэг хийв.

Тариаланчдын зөвлөгөөнөөс гаргасан саналыг бодлогын баримт бичигт тусгах асуудлаар хэлэлцсэн уулзалтын тойм

БОХХААБХ-ны дарга С.Батболд 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Газар тариалангийн хууль болон төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод тариаланчдын зөвлөгөөнөөс гарсан саналыг тусгах асуудлаар Улсын Их хурлын гишүүд, Хүнс, хөдөө аж ахуйн яам болон аймгуудын удирдлагуудтай хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр,С.Хаянхярваа, УИХ-ын гишүүн ХХАА-н сайд Р.Бурмаа,  Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун болон Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Булган аймгийн засаг дарга, аймгийн хөдөө аж ахуйн газрын дарга, агрономч нарын  нийт 20 гаруй төлөөлөл оролцов.

Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг хэлэлцэх үед аймгуудын удирдлагууд бэлчээрийн даац бүх сумдад 2-3 дахин хэтэрч малын тоо толгой эрс өссөнөөс газар тариалангийн салбарын шинэ /цомхотгосон болон тэг/ технологийг хэрэгжүүлэх боломжгүй болж байна. Иймээс Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг бүхэлд нь “Эрчимжсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг болгох ”талаар хуульд тусгаж энэ бүс нутагт малын хөлийн татварыг тогтоож  мөрдүүлэх эрхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгох, хөрсний үржил шим эрс муудаж хөрс бордох санхүүгийн боломж үр тариа үйлдвэрлэгчдэд бүрдэхгүй байгааг анхаарч жил бүр шаардагдах бордоог улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж хөрсийг хамгаалах, хүнсний ногоо  тариалах эрх зүйн орчныг бүрдүүлэх тусгайлсан хөтөлбөртэй  болох гэсэн саналуудыг хэллээ.

Тариалангийн тухай хуулийн төсөл болон төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод аймгуудын тариаланчдын зөвлөгөөнөөс гаргасан саналыг тусгасан талаарх Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун  нарын мэдээллийг Улсын Их Хурлын гишүүд сонсож, асуулт асууж, хариулт авлаа.

Эдгээр санал, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт  хуулийн төслийн зарим зүйл заалт тодорхой биш, хоорондоо уялдаа холбоогүй байгаа тул төслийн боловсруулалтанд анхаарах, Улсын Их Хурлын гишүүн С.Хаянхярваа хилийн зааг хязгаарыг нарийвчлан тогтоож өгөх, жишээ нь газар тариалангийн бүс бүхий газраас эрчимжсэн мал аж ахуй, бэлчээрийн мал аж ахуйг төдий хэмжээний газарт эрхэлнэ гэж нарийвчлан оруулж өгөх, хохирол гарсан тохиолдолд хохирлыг хэрхэн тооцохыг тодорхой болгох, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр тариалангийн бүс нутгийг засаг захиргааны нэгжээр тогтоох нь зүйтэй гэсэн саналуудыг гаргасан болно.

Байнгын хорооны дарга С.Батболд хэлэлцсэн асуудлыг дүгнэж тодорхой бус байгаа асуудлаар  Хүнс, хөдөө аж ахуйн яаманд дараах үүрэг чиглэлийг өгөв.

Үүнд:

  1. Газар тариалангийн бүс нутгийг Засаг захиргааны нэгжээр тогтоох заалтыг хуулинд оруулах
  2. Үүнтэй холбоотой татварын нэмэлт ямар  арга хэмжээг авч болох, зохицуулалтын ямар механизм байгааг судлах
  3. Хөрсний үржил шимийг хамгаалах асуудал дээр бодлого боловсруулж, урамшуулалын системтэй холбож өгөх
  4. Мэргэжлийн боловсон хүчнээр газар тариалангийн салбарыг хангах асуудлаар хуулинд  тодорхой заалтыг оруулах
  5. Техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэй холбоотой бүлгийг хуулинд оруулах
  6. Хүнсний ногооны тариалалттай холбоотой асуудал дээр тодорхой бодлого боловсруулж оруулж ирэх

     БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл