Цэс

Холбоо барих

ИНФОГРАФИК: Нийгмийн хамгааллын тухай хоёр талт хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан хууль тогтоомжуудын талаар бэлтгэсэн инфографикуудыг Та бүхэнд цувралаар хүргэж байна. Энэ удаа “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн инфографик болон танилцуулгыг толилуулж байна.


"НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР" 
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА


         Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улс хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан.

Энэ хуулийн зорилт нь Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд тэтгэврийн даатгалд хамрагдан төлсөн шимтгэлээ нутаг буцах үедээ буцаан авах, эсхүл тэтгэврийн насанд хүрсэн хойноо төлсөн шимтгэлдээ ногдох тэтгэвэр тогтоолгох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.


Хууль батлагдсанаар Бүгд Найрамдах Турк Улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй монгол иргэдийн тэтгэврийн даатгалын харилцаа нь олон жилээр тасарч ирээдүйд тэтгэвэр авах эрх нь үүсэхгүй байх, эсхүл маш бага хэмжээний тэтгэвэр авахад хүрдэг эрсдэлийг бүрэн шийдвэрлэж, Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах боломж бүрдсэнээр тухай хүний ирээдүйн нийгмийн баталгаа нь сайжирна.

Түүнчлэн тэтгэвэр,  тэтгэмжийг тооцохдоо хоёр талд шимтгэл төлсөн давхцаагүй хугацааг нэгтгэн тооцох, шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр, тэтгэмжийг иргэдэд олгох учир нийгмийн даатгалын санд санхүүгийн дарамт үүсгэхгүй.

  

Улсын Их Хурлын Тамгын газар

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл