Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос өнөөдөр (2018.11.21) “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүгийг нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ, “Бэлгийн замаар дамжих халдварт өвчний асуудлыг Байнгын хороо анхааралдаа авч, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгч ажилласаар байгаа. Өнгөрсөн жилүүдэд төрөөс дорвитой хөрөнгө оруулалт хийх боломж хомс байсан учраас НҮБ-ын Глобаль сангийн санхүүжилт чухал үүргийг гүйцэтгэсэн. Одоо төрийн болон төрийн бус байгууллагууд бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг соён гэгээрүүлэх ажлыг хийхэд анхаарч ажиллах нь чухал байна. Мөн уялдаа холбоотой, идэвх санаачилгатай ажиллахыг асуудал хариуцсан бүх шатны албан тушаалтнуудад хэлэхийг хүсэж байна. Амьдралд ойрхон, үр дүнтэй хэрэгжих боломжтой бүхий л санал санаачилгыг Байнгын хорооны зүгээс дэмжиж ажиллах болно. Бид өмнө нь бэлгийн замын халдварт өвчний нөхцөл байдал, түүнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэд хэдэн удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг хийж байсан. Энэ бүх хэлэлцүүлгээс гаргасан санал, зөвлөмжүүдийн хэрэгжилтийг удахгүй нэгтгэн хянах болно” хэмээн цохон тэмдэглэлээ.
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдвартай тэмцэх, сэргийлэх чиглэлээр баримталж буй бодлого, цаашдын чиглэл”, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн агуулга туссан байдал”, МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.Сүнчин “Эмчилгээний болон гоёлын гоо сайхны газруудад хийсэн хяналт, тандалтын судалгаа”, Голбаль сангийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг “Глобаль сангийн дэмжлэг Монгол Улсад” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
1990 оноос хойш нийгмийн нөхцөл байдал өөрчлөгдөж, ажилгүйдэл, ядуурал, архины хэрэглээ, биеэ үнэлэх, эрт бэлгийн харьцаанд орох нь нэмэгдсэнээр бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөх тохиолдол ихэссэн. 2018 оны эхний 10 сарын байдлаар зонхилон тохиолдох БЗДХ-ын 13127 тохиолдол бүртгэгдсэний 33,9 хувийг заг хүйтэн, 38,2 хувийг тэмбүү, 27,8 хувийг трихомониазын халдвар, 0,1 хувийг хүний дархлал хомсдолын вирусын (ХДХВ) халдвар, дархлалын олдмол хомсдол (ДОХ) тус тус эзэлжээ. Монгол Улсад 1992 онд ХДХВ, ДОХ-ын халдварын тохиолдлыг бүртгэж, 267 тохиолдлыг илрүүлсэн байна. Одоогийн байдлаар 42 хүн нас барсан бөгөөд нийт тохиолдлын 61 хувийг 25-39 насны хүмүүс эзэлж байгаа. ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 хүүхэд төрсөн ч урагт дамжих халдвар бүртгэгдээгүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Улсын хэмжээнд нийт 600 гаруй мянган хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Ерөнхий боловсролын сургуулиудад 1994 оноос хойш эрүүл мэндийн хичээлийг бие даасан болон бусад хичээлтэй хавсарга байдлаар оруулж ирсэн. Харин энэ жилээс олон улсад хэрэглэгддэг бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээлийн үлгэрчилсэн загварын дагуу эрүүл мэнд, боловсролын салбарын мэргэжилтнүүд хамтран сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургалтад ашиглаж байна. Бага боловсролын 1-3 дугаар ангид бусад хичээлийн агуулгад тусган хэрэгжүүлж байгаа бол 4-12 дугаар ангид хувийн эрүүл ахуй ба орчны эрүүл мэнд, хооллолт ба хөдөлгөөн, хорт зуршил, сэтгэцийн эрүүл мэнд, бэлгийн ба нөхөн үржихүйн эрүүл мэнд, аюулгүй байдал, анхны тусламж гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд хичээлийг заадаг болжээ. Энэ хичээлийг биологийн болон эрүүл мэндийн мэргэжлийн, шинэ сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн сургалтад хамрагдсан сертификаттай багш заадаг бөгөөд 758 багшийг хөдөө орон нутагт бэлтгэжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн Эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн агуулгыг хүүхдийн насны онцлогт тохируулан анги өгсөх тусам нэмэгдэж байхаар зохицуулсан байна.
Сурагчдад 5 дугаар ангиас нь эхлэн энэ чиглэлийн хичээлийг оруулдаг. Тухайлбал, 7 дугаар ангид бэлгийн амьдрал гэж юу болох, нөхөн үржихүйн үйл явц, жирэмслэлт, үерхэл, нөхөрлөл, дотно харилцаа хэрхэн бий болдог, хүчирхийлэл түүний хэлбэр, үр дагавар зэргийг заадаг. 9 дүгээр ангиас бэлгийн замаар дамжих халдвар, түүний шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга, халдвар авсан тохиолдолд авах арга хэмжээний талаарх мэдлэгтэй болно. 10-12 дугаар ангид харилцааны эрх үүрэг, хариуцлага, жирэмслэлтээс хамгаалах аргууд, бэлгэвч зөв хэрэглэх, эрт жирэмслэлттэй холбоотой эрүүл мэндийн эрсдэл, хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар, гэрлэлтийн сайн сайхан, бэрхшээлтэй зүйлсийг үнэлэх, хүйсийн тэгш байдал, хосын харилцааны илэн далангүй байдал, бусдын хил хязгаар, хүслийг хүндэтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлага зэрэг мэдлэгийг олгохоор Эрүүл мэндийн хичээлийн сургалтын хөтөлбөрт тусгасан байна.
Цаашид эцэг эхчүүдийг сургах, мэдээллээр хангах шаардлагатай. Нийгмийн хөгжлөө дагаад уламжлалт арга барил, хандлагаар хүүхдүүдэд бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг олгох боломжгүй болсныг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан илтгэлдээ дурдав.
Бэлгийн замаар дамжих халдварт өвчний дийлэнх нь цусаар дамждаг. Тиймээс өнгөрсөн 8 дугаар сард холбогдох байгууллагууд хамтран эмчилгээний болон гоёлын гоо сайхны газруудад хяналт шалгалт хийжээ.
Уг хяналт шалгалт, тандалт судалгаа нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 3 дугаар зүйлийн 3.1.2.3, 3.1.2.5, 3.1.2.6 дахь заалтуудын хэрэгжилтийг хангуулах, элэгний В, С вирус, ДОХ зэрэг цусаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг үнэлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогыг тодорхойлох зорилготой байсан байна.
Аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй арьс, гоо заслын 48 эмнэлэг, гоёлын гоо сайхны 186 газарт шалгалт хийснээс дийлэнх эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй, мэргэжлийн бус хүн ажиллуулсан, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй, зориулалтын байргүй байгааг тогтоожээ.
Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчид цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангуулах, хяналт шалгалтыг чангатгах, эмч мэргэжилтнүүдийг бэлтгэх, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцлөөр хангах, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа.
“Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ, ДОХ-ын халдварын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сан, Халдварт өвчин судлалын үндэсний төв болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.