Өнөөдөр хэвлэгдэн гарч буй “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан 34 хууль, Улсын Их Хурлын 10 тогтоолыг тус тус нийтэллээ.
Тэдгээрийн дотор малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, төрөөс тавих хяналт, даатгалын эрсдэлийг хуваарилах, нөхөн төлбөр төлөх, малын давхар даатгал, даатгагч болон даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилттой Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийг нийтэллээ.
Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд сайн дурын үндсэн дээр даатгалд хамрагдах, малыг тухайн мал тоологдсон сумын нутаг дэвсгэрт даатгуулах, малыг төрлөөр нь даатгуулах, малын хорогдлын хувийг сумын түвшинд тодорхойлох, нөхөн төлбөрийг тооцохдоо индекст суурилах зарчмыг баримтлахаар хуульчилсан байна.
Мөн дугаарт, Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг бүрэн эхээр нь нийтлэв.
Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах энэ хуульд газрын хэвлий болон гадаргуу дээр байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тос, уламжлалт бус газрын тос нь төрийн өмчид хамаарахаар түүнчлэн төр газрын тос, уламжлалт бус газрын тос хайх, ашиглах зөвшөөрөл олгох замаар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, эрлийн ажлыг хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгэхээр заажээ.
Үүнээс гадна газрын тосны асуудлаар төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын бүрэн эрх, гэрээлэгчийн эдлэх эрх, хүлээх үүрэг зэрэг асуудлыг тодорхойлж, нарийвчлан зохицуулж өгсөн байна.
Эмхэтгэлд, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийг тус тус нийтэллээ.
Эмхэтгэлийн шинэ дугаарт, Шилэн дансны тухай хуулийг бүрэн эхээр нь нийтлэв.
Энэ хуулиар, улс, орон нутгийн төсөв, улсын болон орон нутгийн өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах зорилгоор төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх юм.
Хуулийг хэрэгжүүлэхэд, мэдээлэл үнэн зөв, бодитой, иж бүрэн, ойлгомжтой, ач холбогдолтой байх, тогтоосон хугацаанд тогтмол, шуурхай мэдээлдэг байх, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээлэл нээлттэй байх зарчмыг баримтлахаар байна.
Байгууллага нь шилэн дансны мэдээллийг өөрийн цахим хуудсаар хүргэх бөгөөд цахим хуудас нь ямар шаардлагыг хангасан байх ёстой, байгууллага, албан тушаалтан ямар мэдээллийг тогтмол мэдээлэх, тэр мэдээлэл ямар байдлаар илэрхийлэгдсэн байх, шилэн дансны мэдээллийг энэ хуулийн дагуу иргэн, олон нийтэд хүргэх үүргийг ямар албан тушаалтан хүлээх, хуулийн хэрэгжилтэд хэн хяналт тавих, хууль тогтоомж зөрчигчид ямар хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг дээрх хуулиар зохицуулжээ.
Эмхэтгэлд, Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолоор, энэ чиглэлийг “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл болон бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй нягт уялдуулан хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтанд үүрэг болгожээ. Мөн хэрэгжилтийг оны эхнээс жигд хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч, түүний биелэлтийн явцыг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасан байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.