ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Газрын тосны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2014 оны 7 дугаар 01-ний өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Газрын тосны тухай хууль 9 бүлэг 45 зүйлтэй.
Өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын тосны тухай хууль нь 1991 онд батлагдсан. Монгол Улсад уул уурхайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогыг тодорхойлох зорилтын хүрээнд Улсын Их Хурлаас төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Түүнчлэн газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн удирдлагын байгууллагын эрх хэмжээг тодорхой болгох, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг оногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг илүү нарийн зохицуулах зайлшгүй шаардлага гарсан.
Газрын тосны тухай хууль нь Нийтлэг үндэслэл, Төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын бүрэн эрх, Гэрээлэгч, Эрэл, Хайгуул, Ашиглалт, Төлбөр, зардал, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалт, Мэдээ, тайлан, хяналт, шалгалт, Бусад гэсэн 9 бүлэгтэйгээр батлагдлаа.
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт газрын тос, уламжлалт бус газрын тосыг эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгад газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгэх, улсын тусгай хамгаалалттай газар нутгаас бусад улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийх, шатдаг занарын эрлийн үед зөвхөн өрөмдлөг хийж болохоор боллоо.
Түүнчлэн газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төрлийг бий болгосон бөгөөд эдгээр тусгаар зөвшөөрлийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгох, хайгуулын болон ашиглалтын талбайд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ хийх эрхтэй байх, бүтээгдэхүүн хуваах гэрээний загварыг Засгийн газар батална.
Газрын тосны салбараас улсын төсөвт орох татварын орлогын зарим хэсгийг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр уг үйл ажиллагаанаас орон нутгийн иргэд байгууллагын хүртэх үр ашиг, оролцоо нэмэгдэх юм.
Газрын тосны нөөц ашигласны болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээ, түүнийг хуваарилах зарчим, түүнчлэн өртөг нөхөгдөх зардал болон өртөгт газрын тосыг тооцох аргачлалыг хуульчиллаа.
Газрын тосны тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчин, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй ажиллагаа, мэдээ, тайлан гаргах үйл ажиллагааны талаар хүлээх үүргийг нарийвчлан тодорхойлж, эдгээрийг зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагыг ч хуульд тодорхой тусгасан болно.
Түүнчлэн хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай давхацсантай холбоотой маргааныг шийдвэрлэх, түүхий тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа давхацсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь харилцан гэрээ байгуулж, бие биенийхээ үйл ажиллагаанд саад болохгүйгээр ажиллах эрх зүйн үндэс бүрдлээ.
Мөн нутгийн удирдлагын байгууллагын газрын тос, уламжлалт бус газрын тосны салбарын хүрээнд эдлэх, эрх үүрэг, оролцоог тодорхой болгосны зэрэгцээ сум, дүүргийн засаг дарга нь гэрээлэгчтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллахаар тусгасан нь компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх боломжийг хуулийн зохицуулалт дор хамааруулсан.
Хуулийн бас нэг онцлог зохицуулалт бол гэрээлэгчийн санхүү, хөрөнгө оруулалтын тайланд санхүүгийн хяналт шалгалт хийх, баталгаажуулах асуудлыг эрх бүхий аудитын байгууллага тодорхой хугацаанд давтамжтайгаар хийж байх, энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр батлагдсан Газрын тосны тухай хуулийн дагуу байгуулсан гэрээнд төлбөр, зардал, өртөг нөхөлт, бүтээгдэхүүн хуваалтыг тухайн гэрээнд заасан хувь, хэмжээгээр зохицуулах, нөөц ашигласны төлбөр төлөхгүй байгаа гэрээний тухайд төрийн захиргааны байгууллага гэрээлэгчтэй харилцан тохиролцож уг төлбөрийн хэмжээг тогтоохоор тусгасан.
Хууль батлагдсанаар газрын тос болон уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болж, газрын тосны салбарт төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын эрх, үүрэг, газрын тосны нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн хураамжийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болголоо.
Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний хувьд импортоос хамааралтай байдлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаврыг бий болгоно.
Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцөлийг хадгалсанаар хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэнэ.
Танилцуулга бичсэн:
Хууль зүйн үйлчилгээниий хэлтсийн зөвлөх Ш.Ариунжаргал