ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
Мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбаруудад хурдтай нэвтэрч иргэн, байгууллагын өдөр тутмын хэрэглээ болж байгаа хэдий ч олон улсад өргөнөөр ашигладаг зарим нэр төрлийн үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлэхэд өнөөгийн эрх зүйн орчин хязгаарлагдмал байна. Манай улсад 2013 оны жилийн эцсийн байдлаар үүрэн телефон холбооны хэрэглэгчийн тоо 4,247.4 мянгад хүрч, нийт үүрэн холбооны нэвтрэлтийн түвшин 144.9 хувьд хүрсэн нь дэлхийн дундаж үзүүлэлтээс 51.8 нэгжээр өндөр байна. Технологи хөгжихийн хэрээр хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага хувиран өөрчлөгдөж ухаалаг, хялбар, үр дүнтэй байх хэрэглээний орчныг шаардаж эхэлсэн. Дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх хэрэглэгчийн хүсэлт, хэрэгцээ, шаарлагыг үндэслэн Засгийн газар энэ зорилгоор дээрх хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэгдсэн хуралдаанаараа Харилцаа, холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Дугаартайгаа шилжих үйлчилгээ гэдэг нь хэрэглэгч нэг оператор компанийн бүртгэлээс гарч нөгөө оператор компанид бүртгүүлэн шинээр хэрэглэгч болох үедээ одоогийн агшилаж байгаа дугаараа шилжүүлэн хэрэглэх боломжийг олгодог үйлчилгээ юм.
Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хуулийн нэр томьёоны тайлбар хэсэгт дугаартайгаа шилжих үйлчилгээг тайлбарлаж, Харилцаа холбооны зохицуулах хороонд хуульд заасан зарим чиг үүргээ гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж болохыг зөвшөөрч, тус зохицуулах хорооны бүрэн эрхэд дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, уг үйлчилгээтэй холбоотой зохицуулалтын журам батлах эрх олгосон.
Уг хууль батлагдснаар оператороо сольж байгаа хэрэглэгчдийн хувьд бусдад дугаараа хэлэх, нэрийн хуудсаа солих зэрэг зардал, төвөгтэй үйлдлийг хийхгүй байх, ирж байгаа дуудлагыг цаг алдахгүй хүлээн авч байх, хэрэглэгч хямд үнэтэй, чанартай, сайн үйлчилгээг авах нөхцөл бүрдэх, шударга өрсөлдөөнийг дэмжих зэрэг үр дүнтэй байна.
Танилцуулга бичсэн:
ХЗҮХ /ЭЗБХ/ зөвлөх
Н.Мөнхзэсэм