“ЭДИЙН ЗАСГИЙН ИДЭВХЖЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ 34 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ТАЛААРХ ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцэн баталсан.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах, эдийн засгийг эрчимжүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан.
“Гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийг эрсдэлээс сэргийлэх, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих, хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилт, төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх” үндсэн дөрвөн чиглэлийн 26 арга хэмжээг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, хувийн хэвшил болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Ингэснээр макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах, гадаад валютын ханшийн хэт өсөлтөөс сэргийлэх, төсөв, мөнгөний бодлогыг уялдуулж, төсвийн зардлыг илүү хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, эдийн засаг идэвхжих боломж бүрдэнэ гэж үзсэн.
Нэг. Гадаад валютын урсгалыг сайжруулах, санхүү, эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд:
Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэж, уг төслийн хэрэгжилтэд Засгийн газраас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого, Таван толгойн ордын талаар Улсын Их Хурлаас баталсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хүрээнд Таван толгойн ордоос олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан, нэмүү өртөг шингээж, экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүйгээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэснээр Монгол Улсад орох гадаад валютын урсгал нэмэгдэх ач холбогдолтой гэж үзлээ. Мөн Таван толгой-Гашуунсухайт, Нарийнсухайт-Шивээрхүрэнгийн төмөр замын царигийн асуудлыг Улсын Их Хурлаар ойрын хугацаанд шийдвэрлүүлж, тус төмөр замыг барьж байгуулснаар нүүрсний тээврийн зардал буурч, зах зээлд өрсөлдөх чадвар нь нэмэгдэх боломжтой болох юм.
Хоёр. Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих хүрээнд:
Бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хувийн хэвшлийн үйл ажиллагаанд давхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх, төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог эрс цөөлөх чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, бизнесийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг хангах, далд эдийн засгийг бууруулах, татварын бааз, суурийг өргөтгөх чиглэлээр эдийн засгийн өршөөлийг үзүүлж, татварын орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, жуулчдад визийн дэглэмийг тааламжтай болгох чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Ингэснээр бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэнэ.
Гурав.Хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилтийн хүрээнд:
Бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах, төлөвлөлт, санхүүжилтийг тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай, Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг боловсруулж, Төсвийн тогтвортой байдлын тухай болон Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Ингэснээр Засгийн газрын олон улсын банк, санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудаас авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, түүнчлэн, гадаад зах зээлээс бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт босгох боломж бүрдэнэ. Мөн Хөгжлийн банкны бие даасан байдал сайжирч, түүний засаглал, үйл ажиллагааны ил тод байдал сайжрах юм.
Дөрөв.Төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх хүрээнд:
Төрийн өмчийн хороо болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагын тогтолцоог шинэчлэх, засаглалын бие даасан байдлыг хангах, үйл ажиллагааг бизнесийн зарчимд бүрэн нийцүүлэх, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах чиглэлээр харилцдаг болох эрх зүйн шинэ орчныг бүрдүүлнэ.
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой зарим аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан хувьчлах замаар төрийн оролцоог багасгаж, хөрөнгийн зах зээлээ дэмжин хөгжүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
Эрчим хүчний үнийг чөлөөлж, энэ салбарын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна.
Тогтоолд дурдагдсан чиглэл, арга хэмжээнүүдийг Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн тулд 6 хуулийг шинээр батлах, 6 багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм. Энэ чиглэлээр Засгийн газар төлөвлөгөө боловсруулан 2014 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор дээрх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрүүдийг өргөн мэдүүлэхээр ажиллана.
Дээр дурдсан арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлснээр Монгол Улсын макро эдийн засгийн тогтвортой байдал хангагдаж, эдийн засгийн идэвхжил нэмэгдэн, гадаад валютын ханш тогтворжиход эерэг нөлөө үзүүлэх юм.
Танилцуулга бичсэн:
ХЗҮХ /ЭЗБХ/-ийн
зөвлөх Н.Мөнхзэсэм