КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар нараас санаачлан Улсын Их Хуралд 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар нараас санаачлан Улсын Их Хуралд 2013 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг тус тус чуулганы 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, хууль санаачлагчид дээр дурдсан хуулийн төслүүдийг нэгтгэж, цаашид Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болгон хэлэлцүүлэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн билээ.
Улсын Их Хурал Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хуралдаанд оролцсон гишүүдийн 84,7 хувийн саналаар баталсан болно.
Ийнхүү хуулиар хувьцаат компанийн хувьцааны хяналтын багц эзэмшигч нь бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцааг уг хувьцааны сүүлийн 6 сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүргээ хэрэгжүүлээгүй бол түүний хувьцаа өмчлөх эрх нь хөндөгдөхгүй бөгөөд хувьцаа нь зөвхөн Компанийн тухай хуулийн 62.1.9-62.1.16-д заасан асуудлаар саналын эрхгүй болно. Үүнтэй холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос хувьцаат компанийн хувьцааны хяналтын багц эзэмшигч хуульд заасан журмын дагуу санал гаргах үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих, жижиг хувьцаа эзэмшигчдийн өмнөөс тэдний шаардах эрхийг хэрэгжүүлэх зорилго бүхий зохицуулалтыг хуульд нэмж оруулсан.
Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар үйл ажиллагаа нь жигдэрсэн хязгаарлагдмал хариуцлагатай томоохон компаниуд хувьцаа болон түүнд хөрвөх үнэт цааснаас бусад аливаа хэлбэрийн үнэт цаас /өрийн бичиг болон бусад хуулиар зөвшөөрсөн санхүүгийн хэрэгсэл гэх мэт/-ыг нийтэд санал болгон хөрөнгийн биржээр дамжуулан гаргаж, хөрөнгийн зах зээл дээрээс урт хугацаатай, хөрөнгө оруулалтын хямд эх үүсвэр татах боломж бүрдэж байна.
Мөн хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгохдоо нийт хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг тэгш хангадаг олон улсын нийтлэг хэлбэр болох санал хураах кумулятив аргыг хэрэглэдэг байх, хэлбэрийн хувьд ялгаатай компанид хамааралтай зарим зохицуулалтыг ялгаж, зааглан зохицуулах, төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд тавих шалгуурт тухайн компанид ажилладаггүй, тодорхой хугацаанд ажиллаж байгаагүй байх шалгуурыг тогтоосноос гадна жижиг хувьцаа эзэмшигчид болон Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэлгүй компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэр гарган хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийг хохироодог зохисгүй байдлаас сэргийлсэн зохицуулалт орсон болно.
Энэ хууль батлагдсантай холбогдуулан дагалдан гарч буй Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “хуульд тусгайлан заасан тохиолдолд албан тушаалтан аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг зөвшөөрсөн” нь төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компани дахь төрийг төлөөлөх этгээдийн эрх зүйн байдалтай холбогдсон зөрчлийг арилгасан.
Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2014 оны 41 дүгээр тогтоол тус тус батлагдсан болно.
Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн зөвлөх Д.Мягмарцэрэн