Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Энэхүү хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан байна.
“Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, холбогдох бусад хуультай нийцсэн бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан болно” хэмээн төслийн танилцуулгад дурджээ.