Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга М.Энхболд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний ойн өдөрт зориулан Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

    Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Б.Пүрэвдорж болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцов. 



    

    Цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн юм. Түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан билээ. Монгол Улсын Их Хурлын 2007 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар жил бүрийн 12 дугаар сарын 29-ний өдрийг "Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр" хэмээн нийтээр тэмдэглэх тэмдэглэх баярын өдөр болгож хуульчилсан юм. 



    Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөрт зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт боллоо. Уг барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Ховд бөхийн дэвжээ, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Зорчигч тээврийн нэтгэл компани, “Од” группийн бөх Монгол Улсын харцага Оргихийн Хангай долоо таван түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын хэлтэс, “Хемон” констракшн ХХК-ийн бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурь үзүүрлэлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл