Улсын Их Хурлын даргыг албан тушаалаа өгөх тухай шаардлагыг Байнгын хороо хэлэлцэх хууль зүйн боломжгүй гэж үзэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2018.12.25) хуралдаан 14 цаг 16 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцлээ.
Улсын Их Хурлын нэр бүхий 40 гишүүн Улсын Их Хурлын даргыг өргөдлөө өгөх хүртэл Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн албан бичиг ирүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлээд байсан. Тус Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан нэр бүхий гишүүдээс тавьсан шаардлагыг Байнгын хороо хэлэлцэх боломжгүй хэмээн үзсэн талаар гишүүдэд дэлгэрэнгүй тайлбар өгсөн юм.
Тэрбээр энэ талаарх тайлбартаа, Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах тухай асуудлыг хэлэлцэх хоёр төрлийн дэг холбогдох хуульд байдаг. Нэгд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” тухайг уг хуулийн 10 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд 10.3-10.7-д энэ талаар тодорхой заасан байдаг. Энэ зохицуулалтаар бол Улсын Их Хурлын дарга нас барсан, эсвэл өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн таван үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар хуралдах хууль зүйн нөхцөл үүснэ.
Гэтэл Улсын Их Хурлын даргаас Байнгын хороонд шилжүүлсэн асуудлаар энэ таван үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учраас хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Нэг ёсондоо хууль зүйн бүрдэл байхгүй байна.
Хоёрт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам”-ыг зохицуулсан 32 дугаар зүйлд заасан дэгээр Улсын Их Хурлын даргыг огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж болно. Энэхүү дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан байх шаардлагатай. Цэцийн дүгнэлт гараагүй тохиолдолд бид энэхүү дэгийг баримтлах боломжгүй байна.
Иймээс Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй байна. Энэ талаар Улсын Их Хурлын даргад хариуг нь өгнө гээд уг асуудлыг хэлэлцэх асуудлаас хасаж буйг мэдэгдлээ.
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэмжигдлээ
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 03 дугаар тогтоолдоо, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж, хүчингүй болгожээ. Мөн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгосон байна.
Иймээс Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Байнгын хорооны энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд гишүүдээс гаргасан саналын дагуу хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулж дахин сайтар нягталж ярилцахаар тогтсон юм. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа, Д.Тогтохсүрэн, Д.Хаянхярваа, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, хуулийн төслийн талаарх томьёоллыг бэлэн болгох үүргийг ажлын хэсэгт өгөөд байв.
Ажлын хэсэг Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дахин нягталж ярилцаад төслийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналыг тусган төслийг нарийвчлан боловсруулснаа танилцуулав. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь буюу 91.7 хувь нь хуулийн төслийг дэмжив. Иймээс энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлуулахаар тогтов.
Уг хуулийн төсөл нь хоёр зүйл, хоёр хэсэгтэй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөө хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.”, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ.
Журам батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг эцэслэн батлав
Дараа нь “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа. Уг тогтоолын төслийн талаарх танилцуулгыг тус Байнгын хорооны энэ сарын 5-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд төслийг дахин нягталж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар тогтсон юм.
Төрийн албаны тухай хуулийн 68.1-д Төрийн албаны зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажиллах бөгөөд орон тооны таван гишүүний бүрэлдэхүүнтэй байх, тэдгээрийн хоёр нь төрийн албан хаагчдын төлөөлөл байхаар заасныг үндэслэн тогтоолын төслийг боловсруулжээ.
Хуульд “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар тогтоолын төсөлд тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар зохицуулсан байна.
Сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцох, Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөл тодорхой төрийн албан хаагчийг нэр дэвшүүлж болох агаад бүртгүүлсэн албан хаагч Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэх талаар комисс санал, дүгнэлт гаргах, шалгаруулалтаар бүртгэгдсэн төрийн албан хаагчдын мэдлэг боловсролд 30, мэргэшил туршлагад 40, мэргэжил ур чадварт 30, ярилцлагад 20 хүртэлх оноогоор үнэлгээ өгөхөөр төсөлд тусгасан байна. Комисс мэдлэг боловсрол, мэргэшил туршлага, мэргэжил ур чадварын онооны нийлбэр үнэлгээгээр хамгийн өндөр оноо бүхий 10 оролцогчтой /хураангуй жагсаалт үүсгэх/ төрийн албаны шинэчлэл, хүний бодлого, тэдний ур чадвартай холбоотой асуудлаар ярилцлага хийж, нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан хоёр оролцогчийн нэрийг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх бөгөөд тус Байнгын хороо нэр дэвшигч хуульд заасан шаардлагыг хангаж буй эсэх талаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд танилцуулж батлуулахаар журмын төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй гурван саналын томьёолол бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн танилцуулав. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тухайлбал, уг журмын төслийн “Нэр дэвшигчид тавигдах шаардлага” гэсэн хоёрдугаар зүйлийн 2.1.3 дахь хэсгийг “төрийн албан тушаалд 15-аас доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан” гэж өөрчлөх, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “ажлын 15-аас доошгүй” гэсний “ажлын” гэснийг, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийн “тэдний мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлагад” гэснийг тус тус хасахаар болов. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.
Уг тогтоолыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд тогтоолын нэгдүгээр хавсралтаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-ыг батлав.
Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм. Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд үүнээс уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлахаар эхний дөрвөн дүрэм, журмыг батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.