Цэс

Холбоо барих

Гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас чуулганы хуралдаан дахин хойшлов

    Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.27) нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын 75 гишүүнээс 7 гишүүн хүндэтгэх шалтгаантай, хуралдаанд ирвэл зохих 68 гишүүнээс 10 цаг 54 минут гэхэд 32 гишүүн хүрэлцэн ирсэн байв. 

    Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 20 асуудал хэлэлцэхээр тогтсоныг танилцуулаад, УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан ирц бүрдэхгүйн улмаас хуралдаж чадахгүйд хүрвэл 7 дахь  удаагаа хойшлоход хүрээд байгааг онцоллоо.

    Тэрбээр, өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс Улсын Их Хуралд албан бичиг ирүүлсэн. Уг албан бичигт, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн Улсын Их Хуралд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдээлэл хийх хуваарьтай байсан билээ. Гэвч Улсын Их Хурлын ирц бүрдээгүй байсан учир Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн мэдээлэл хийж чадаагүй болно. Иймд 2018 оны 12 дугаар сарын 27, 28-ны аль нэг өдөр Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн 2018 оны Үндэсний аюулгүй байдлын талаар мэдээлэл хийх товыг тогтоож, мэдэгдэнэ үү гэсэн бичгийг Улсын Их Хуралд ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүн мэдээлэл хийх хүсэлтээ ирүүлсэн учраас маргаашийн УИХ-ын чуулганы хуралдааны товд оруулсан. Түүнчлэн УИХ дахь МАН, АН-ын бүлийн дарга нарт УИХ-ын чуулганы ирц бүрдүүлэх талаар бичиг хүргүүлсэн. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүнийг мэдээлэл хийх гэж байхад чуулганы ирц бүрдүүлээгүй 30 гишүүн байгаа. Тэдгээр гишүүдийн нэр дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүнийг мэдээлэл хийлгэхэд ирц бүрдүүлэх үүргийг нь сануулсан албан бичгийг хүргүүлээд байгаа гэдгийг дурдав.


    Мөн энэ долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Улсын Их Хурлын даргыг огцруулах талаарх шаардлагыг авч хэлэлцсэн. Тус байнгын хорооноос өгсөн хариуг гишүүддээ танилцуулъя гэж бодож байна.

    Монгол Улсын Их Хурлын даргаас шилжүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун Эрдэнэ нарын 40 гишүүний гарын үсэг бүхий 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13741 тоот албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанд танилцуулсан. 

    Монгол Улсын Үндсэн хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Их Хурлын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын даргын бүрэн эрх энэ хуулийн 10.1-д зааснаар хугацаанаасаа өмнө дуусгавар болно. 10.2.1-д нас барсан, 10.2.2-т өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.3-т хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.4-т Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан, 10.2.5-д гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэж тус тус заасан байдаг тул УИХ-ын гишүүдээс ирүүлсэн албан бичгийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх хууль зүйн үндэслэлгүй тул хэлэлцэх асуудлаас хассан гэсэн албан бичгийг Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаас  УИХ-ын даргын нэр дээр албан бичиг ирүүлсэн гэдгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан  танилцуулав. 

    Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан.

    Уг хуулийг ирэх оноос өмнө хэлэлцэж баталж чадахгүй бол алтны татвар төлдөг компаниуд  5 хувиар татвар төлөх үү гэдэг нь тодорхой бус болж байгаа юм. Татвар төлөх эрх зүйн үндэслэлгүй болж байгаагаас алтны компаниуд алтаа тушаахгүй байдал үүсвэл Монгол Улсын валютын нөөцөд шууд нөлөөлнө. Хохирол нь хувийн хэвшил, ард түмний нуруун дээр очих асуудлыг хэлэлцэхгүй бол эрсдэл үүсэх бодитой нөхцөл байдал үүсээд байна. Мөн Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох асуудлыг УИХ-д өргөн барьсан ч хэлэлцүүлээгүй байгаа. Хуульд 30 хоногийн дотор Засгийн газрын гишүүнийг томилох заалттай. Энэ хугацаа өнгөрсөн. Энэ тухай Монгол Улсын Засгийн газрын тэргүүнд албан ёсоор мэдэгдсэн байгаа. Харин Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын асуудлыг Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцсэн. Зам, тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг огцруулах асуудлыг Засгийн газраас өргөн барьсан. Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэх ёстой байсан ч, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэж чадаагүй, хууль зөрчөөд байна.  

    Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий Түр хороо байгуулах төслийг УИХ-ын гишүүдээс гаргаж, Байнгын хороо дэмжсэн. Үүнийг УИХ-аар танилцуулах ёстой ч хугацаа алдаад байна. Ард түмний дунд бухимдал үүсгээд байгаа асуудлаар Түр хороо байгуулж чадахгүй нөхцөл байдал үүслээ. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлнэ. Хууль хэрэгжихтэй холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дүрэм батлах тухай, төрийн зарим байгууллагын албаны ангилал, зэрэглэлийг тогтоох тухай зэрэг тогтоолууд батлагдах ёстой. Энэ мэтчилэн цаг хугацаатай, хууль тогтоомжууд хэрэгжиж чадахгүй бодитой нөхцөл байдал үүсч байгааг Засгийн газрын тэргүүнд сануулж байна гэлээ. 

    Ийнхүү чуулганы хуралдааны ирц бүрдэхийг бүтэн цаг хүлээсний эцэст Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Улсын Их Хурлын  ирц бүрдээгүйн улмаас хуралдаж чадахгүйд хүрснийг мэдэгдээд, нийт ард иргэдээсээ хүлцэл өчлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл