Цэс

Холбоо барих

Нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн шинэчлэл чуулган эхэллээ

    Нутгийн удирдлагын тогтолцоо-эрхзүйн шинэчлэл” сэдэвт үндэсний чуулган өнөөдөр /2018.01.15/ эхэллээ. Чуулганыг нээж Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, нутгийн удирдлагын тогтолцооны эрх зүйн шинэчлэлийг хийхэд Үндсэн хуулийн өөрчлөлтийг оновчтой хийх хэрэгтэйг онцолж байлаа. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Даниела Гаспарикова болон Швейцарын Хөгжлийн агентлагийн Дэд захирал Илариа Дали нар чуулганы нээлтэд үг хэлсэн юм.



    УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг судалж, санал дүгнэлт гаргах УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ‘’Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага’’ сэдвээр эхний илтгэлийг тавилаа.  УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран  Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өнгөрсөн 27 жилийн хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж,  Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байгааг ажлын хэсгийн ахлагч илтгэлдээ дурдлаа. Үүнд:

1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөхөд харгалзан үзэх тодорхой үндэслэл шалгуурыг бий болгох

2. Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгож, хотын удирдлага, захирагчийн бүрэн эрх, үйл ажиллагааг ИТХ, Засаг даргын бүрэн эрхээс зааглах, хотын өмч, төсөв, хотын иргэдэд үйлчилгээ үзүүлэх эрх зүйн үндсийг бий болгох

3. Нутгийн удирдлагын /ИТХ, Засаг дарга/ гурван түвшинд чиг үүрэг, бүрэн эрхийг тодорхойлохдоо ихэвчлэн нийтлэг чиг үүрэг, бүрэн эрх гэдэг байдлаар зохицуулсны улмаас удирдлагын дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагын чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон. ИТХ, Засаг даргын эрхлэх асуудлыг давхардуулсан зэргийг засаж, сайжруулах

4. Төсөв, татвар, санхүүгийн дорвитой өөрчлөлт хийж, орон нутгийн бие даасан байдал, хариуцлага, санаачлагыг дээшлүүлэх шаардлага байна гэж судалгааны баг үзжээ.



    Үдээс өмнөх чуулганаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын  дарга Г. Занданшатар “Төрийн албаны шинэчлэл ба төвлөрлийг сааруулах бодлого’’  сэдвээр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа ‘’Орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх бодлого, чиг хандлага’’ сэдвээр илтгэл тавилаа. Харин орон нутгийг төлөөлж Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар орон нутаг болон салбар хоорондын уялдаа холбоо, тулгамдаж байгаа асуудлуудыг илтгэлдээ хөндөж байлаа.

Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд үндэсний чуулганд оролцогчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн дүн шинжилгээг хэлэлцэж, хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгах асуудлуудын талаар саналаа солилцох юм. Тиймээс чуулганаас гарах зөвлөмж нь нутгийн удирдлагын тогтолцоо, эрх зүйн орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болно гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл