Эмхэтгэлийн шинэ дугаарт Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталсан хуулийг уг хэлэлцээрийн хамт нийтэлсэн байна.
Манай улс БНХАУ-тай “БНМАУ, БНХАУ-ын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай гэрээ”, “Гэмт этгээдийг шилжүүлэн өгөх тухай Монгол Улс, БНХАУ-ын хоорондын гэрээ”, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон БНХАУ-ын хоорондын гэрээ”-г тус тус байгуулсан байдаг боловч эдгээр гэрээ нь засаг захиргааны онцгой бүс болох Хонконг болон Макаод үйлчилдэггүй байна. Тиймээс монгол иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж, гэмт хэрэгт ихээр холбогдох болсон Хонконг, Макао зэрэг засаг захиргааны онцгой бүсүүдтэй тусгайлсан хэлэлцээрүүдийг байгуулахаар ажиллаж, 2016 онд “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулжээ.
“Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг талууд эцэслэн тохиролцож, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороотой 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус урьдчилан зөвшилцсөн байна. Улмаар талууд 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд гарын үсэг зуржээ. 2018 оны 8 дугаар сарын байдлаар Монгол Улсын 35 иргэн Хонконгд ял эдэлж байгаа аж.
Тус хэлэлцээрээр эрх зүйн туслалцааны хүсэлтүүдийг зүйл бүрээр зохицуулж, зардал, эрх зүйн туслалцааны хүсэлтийн агуулга, харилцах төв байгууллагууд, хүсэлтийг биелүүлэхээс татгалзах үндэслэлүүдийг заажээ.
Энэхүү хэлэлцээрийг байгуулснаар хоёр улсын хууль сахиулах байгууллагууд эрүүгийн хэргийн мөрдөн байцаах, шүүн таслах, яллах ажиллагаанд хурдан шуурхай хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдэж буй юм байна.
Мөн дугаарт Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэлжээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.