Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн 2013 оны 12-р сарын 11-ний өдрийн хуралдааны тойм

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын Хэсэг 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 13.00 цагаас Төрийн ордны “Г” танхимд хуралдлаа.

Ажлын хэсгийн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр, Улсын Их Хурлын гишүүн, Ажлыг хэсгийн гишүүн А.Бакей, Д.Арвин, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэд сайд М.Түмэнжаргал, тус яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Од, Соёл урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын төвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн хэлтсийн дарга Д.Гэрэлчулуун, Орхоны хөндийн дурсгалт газрын хамгаалалтын газрын хамгаалалтын захиргааны дарга, доктор Ж.Батсуурь, Монголын ИКОМОС-ын Үндэсний хорооны Ерөнхийлөгч Н.Уртнасан, Соёл урлагийн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Соёлын өвийн хэлтсийн мэргэжилтэн Б.Даваацэрэн, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн Чулуун зэвсгийн секторын эрхлэгч Б.Цогтбаатар, Гандантэгчилэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан болон тус Байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцлоо.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр удирдаж, Ажлын хэсгээс төсөлд тусгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёолол, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн саналыг Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, яамны асуудал хариуцсан ажилтнуудаас тодруулга авав.

Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр соёлын өвийн дурсгалт газрыг эзэмшүүлэхийг хориглох заалтыг нэмж оруулах санал гаргав. Улсын Их Хурлын гишүүн А.Бакей газар тариалангийн бүсэд мал бэлчээхийг хориглосон заалт тэр болгон хэрэгждэггүй, түүнтэй адилаар энэ хуульд ч түүх, соёлын дурсгалт газарт мал бэлчээхийг хориглосон заалт оруулсныг хасах санал гаргалаа.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл түүх, соёлын дурсгалт газар уламжлалт аж ахуй, соёлын өвөөр хамгаалагдаж байдаг, орон нутгийн иргэдийн 80-аас дээш хувь нь тухайн соёлын дурсгалт газарт ашигт малтмал, уул уурхайн болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон санал гаргавал Засгийн газар үүнийг хэлэлцээд шийдвэр гаргаж байх заалтыг шинээр оруулахаар боллоо.

Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин түүх, соёлын өвийн дурсгалт газар, уул, ус, ой модыг төрийн тусгай хамгаалалтад авах нь чухал гээд ер нь хууль бүрийн төгсгөлд хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гээд мөнгөн торгуулийг тавьдаг, энэ нь эргээд хууль зөрчигчдөд боломж олгож хуулийн цоорхой бий болгодгийг цаашид анхааралдаа авч ажиллах нь зүйтэй гэлээ. Ажлын хэсгийн гишүүд хэрвээ Засгийн газраас боловсруулж байгаа Зөрчлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлвэл хууль зөрчигчид хүлээлгэх мөнгөн торгуулийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, Захиргааны хариуцлагын тухай хуулийг хүчингүйд тооцох боломжтой талаар хариулт, тайлбар өгөв.

Ажлын хэсгээс төсөлд тусгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанарын саналын томьёолол тус бүрээр санал хураалгаж, хуулийн төслийг тус Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангахыг Байнгын хорооны Ажлын албанд үүрэг болголоо.

Хуралдаан 16.15 цагт өндөрлөв.


НИЙГМИЙН БОДЛОГО, БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ
УХААНЫ БАЙНГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл