Цэс

Холбоо барих

Байнгын хороод нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэв

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9.2 дахь заалт, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.13 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий прокуророос 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хуралд ирүүлсэн. Тиймээс Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хуульд заасан хугацаанд нь багтаан хэлэлцэж шийдвэрлэх шаардлагын үүднээс Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр (2019.01.10) үдээс өмнө хаалттай горимоор хуралдаад нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн санал, дүгнэлт гаргасан байна.


Харин Хууль зүйн байнгын хороо өнөө орой 22 цаг 17 минутад 55.6 хувийн ирцтэй хуралдаанаа эхэлж, Улсын Их Хурлын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхээр тогтсон юм.

Байнгын хорооны хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Ерөнхий прокурорын саналыг хаалттай горимоор хэлэлцэж шийдвэрлэсэн” гээд Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх горимын санал гаргав. Ингээд гишүүний гаргасан горимын саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн тул Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шижүүлэв.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 23 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэй хуралдаж, нэг бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэхээр тогтсон юм. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн өмнө нь хуралдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий прокурорын саналыг хаалттай горимоор хэлэлцсэн тул энэ жишгийн дагуу нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хаалттай хэлэлцэх горимын санал гаргасан юм.

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, О.Баасанхүү нар ЖДҮС-гийн зарцуулалттай холбоотой асуудал олон нийтийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа учраас энэ асуудалд холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг нээлттэй хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын саналтай байгаагаа хэлэв.


 Ингээд асуудлыг хаалттай горимоор хэлэлцье гэсэн Д.Тогтохсүрэн гишүүний горимын саналаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 8 нь буюу 57.3 хувь дэмжээгүй учраас нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг нээлттэй хэлэлцэхээр болсон юм.

Иймээс Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан саналаа танилцуулав.


Улсын Их Хурлын дээрх нэр бүхий дөрвөн гишүүн нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн учраас гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэж буйгаа танилцуулсан юм.

Мөн уг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Монгол Улсын Ерөнхий прокурорын санал, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны гишүүд Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж, мөн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдаж буй Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Ингээд Улсын Их Хурлын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор гишүүн тус бүрээр санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Иймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтсоноор Байнгын хорооны хуралдаан 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 цаг 54 минутад өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл