Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2015 оны 22 дахь дугаарын тойм

Эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд, Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хяналт тавих, хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтад үзүүлэх дэмжлэг, арга хэмжээний талаар санал боловсруулан Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх, хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагаа хэрэгжүүлэх, хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалах чиглэлээр дэмжлэг, үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд дэмжлэг үзүүлэх зэрэг эрх, үүрэгтэй байхаар өөрчлөн найруулжээ.

Мөн дугаарт, Шүүхийн захиргааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийг тус тус нийтэллээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт нийтлэгдсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн дагуу хэрэгжих “Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх”, “Төрийн тусгай албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, чадавхыг бэхжүүлэх”, “Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэх”, “Онцгой байдлын албаны гал унтраах техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслүүдийн хүрээнд импортоор оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, материалыг гаалийн албан татвараас чөлөөлжээ.

Эмхэтгэлд, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиас гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг нийтэллээ.

Түүнд, дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийн хэмжээ, хэрэглээний үнийн өсөлтийн түвшин, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ, нийт зарлагын дээд хэмжээ, Засгийн газрын өрийн нийт хэмжээ, Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ зэргийг тусгасан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар дүгнэлтийн тухай болон Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтлэв.

Энэ баримт бичгийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага, баримт бичгийн хүрээнд баримтлах бодлогын зорилт, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, улсын нийт гадаад өр, Засгийн газрын өрийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага, өрийн тогтвортой байдлын үзүүлэлт, санхүүжилтийн боломжит эх үүсвэр, Засгийн газрын өрийн багцад дунд хугацаанд нөлөөлөх хүчин зүйлс, өрийн зохицуулалтын үйл ажиллагааг Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичигт тодорхой тусгасан байна.

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт нийтлэгдсэн Засгийн газрын тогтоолоор, Залуучуудын хөгжлийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг баталж, түүнчлэн Малын индексжүүлсэн даатгалын босго үзүүлэлтийг тогтоосон байна.

Эмхэтгэлд, Хуульчийн эрх зүйн байдлын тухай болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг бүрэн эхээр нь нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл