Цэс

Холбоо барих

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав БНХАУ-ын ТӨЗО-ны АТИХ-ын байнгын хорооны дэд дарга Жю Жяньхауг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав өнөөдөр (2018.12.21) БНХАУ-ын Түвдийн Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дэд дарга Жю Жяньхау тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааны хөгжлийг шат ахиулахаар айлчилж байгаад УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. Олон зууны түүх, соёлын хэлхээ холбоотой Түвдийн төлөөлөгчид парламентын шугамаар Монголд дахин айлчилж буйд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав баяр хүргээд хоёр орны харилцаа төр, нийгэм, соёл, иргэд хоорондын гээд бүхий л салбарт амжилттай хөгжиж байна гэв.


Түүнчлэн хөрш зэргэлдээ БНХАУ-тай харилцах харилцааг манай улс гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ гэж үздэг. Хоёр орны харилцаа бүхий л түвшинд нэн амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байдаг. Амжилттай хөгжиж буй харилцааны нэг гол салбар нь парламент хоорондын хамтын ажиллагаа бөгөөд 2016 оноос харилцаа илүү шинэ хэлбэр буюу байнгын механизм бий болгох чиглэлд шилжиж байна гэдгийг тэмдэглэлээ. Тэрбээр “Та бүхний Монгол Улсад хийж буй айлчлал хоёр улсын парламент хоорондын болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Мөн хоёр орны харилцаанд орон нутгийн, иргэд хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” хэмээв.


БНХАУ-ын Түвдийн Өөртөө Засах Орны Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дэд дарга Жю Жяньхау найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд ТӨЗО-ны АТИХ-ын төлөөлөгч, Түвдийн Өөртөө Засах Орны дэд дарга Бямбадашийн мэндчилгээг уламжилж, Түвдэд зочлохыг урив. Мөн тэрбээр, Монгол Улс “Түвд бол БНХАУ-ын салшгүй нэгэн хэсэг” гэсэн зарчмын байр суурийг байнга нотолдогт талархалтай байдаг. Манай хоёр орон мал аж ахуй, газар тариалан, аялал жуучлал, соёл, арьс шир боловсруулах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг уулзалт үеэр онцлон тэмдэглэлээ.


УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Түвдийг БНХАУ-ын нэгэн хэсэг гэж үздэг манай улсын гадаад бодлогын уламжлалт чанар хэвээр хадгалагдаж байгаа. Түвдийн өөртөө засах орныг эрчимтэй хөгжлийн замаар замнуулах зорилт тань биелнэ гэдэгт итгэж байна” гээд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.    

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл