Монгол Улсын Их Хурал 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Ирэх онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, эдийн засагт бий болж байгаа эерэг хандлага, үр нөлөөг бэхжүүлэх, цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг бодлогын арга хэмжээг хамарч байгаагаараа онцлог юм.
Уг тогтоолд Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авсан арга хэмжээнд олон улсын байгууллагаас хийсэн үнэлгээг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, улс орны эдийн засгийн дархлааг дээшлүүлэх, гадаад секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд валютын нөөцийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан түвшинд дунд хугацаанд хүргэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, түүнчлэн Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх, зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах, ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдуулж урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх зэрэг томоохон бодолгын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгалаа.
Түүнчлэн тогтоолын хавсралтаар батлагдсан үндсэн чиглэлд хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх 2 жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулахаар, мөн мөнгөний бодлогын шийдвэрийн үр нөлөөг нэмэгдүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд 2019 онд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг нэвтрүүлэх, технологийн дэвшилд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг тодорхойлох, харилцагчийн мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх, банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, банк санхүүгийн салбарын зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлж, мөрдүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг санхүүгийн институцын хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар тусгалаа.
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар эдийн засагт бий болсон эерэг өөрчлөлтүүдийг бэхжүүлж, Макро эдийн засгийн гол үзүүлэлтүүд савлагаа багатай, санхүүгийн зах зээл үр ашигтай, бизнесийн орчин илүү таатай, цаашлаад улс орны ирээдүйн хөгжилд томоохон өөрчлөлтийг бий болгох тогтвортой хөгжлийн үндэс тавигдах боломж бүрдэж байна.
УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэс