Цэс

Холбоо барих

“Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлт

2014 оны 06 дугаар                                                                                     Улаанбаатар

сарын 27-ны өдөр                                                                                               хот

 

Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, эрхэм гишүүд ээ,

 

            “Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн билээ.

 

Хууль зүйн байнгын хороо 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

 

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Хууль зүйн сайдын багцын урсгал зардалд 330,271,9 сая төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 45,634,2 сая төгрөг, эргэн төлөгдөх цэвэр зээлд 22,177,1 төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 348,627,5 сая төгрөгт хүрч, 98.6 хувийн биелэлттэй байна. 2013 оны батлагдсан төсвөөс нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 5,101,5 сая төгрөг буюу 1.4 хувиар хэмнэгдсэн байна.

 

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ, Д.Ганбат нараас Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Хил хамгаалах байгууллагуудын 2013 оны урсгал болон хөрөнгө оруулалтын зардал нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах хэмжээнд байсан эсэх, хууль хяналтын байгууллагуудын 2014 оны төсвийг хэдий хэмжээгээр багасган төсөвт тусгасан талаар, мөн Засгийн газраас гаргасан бондын мөнгөөр хуулийн байгууллагуудад хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх болон хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулахтай холбогдсон хууль батлагдсаны дараа аудитын шалгалт хийгдсэн эсэх талаар асуулт асууж, хариулт авсан болно.

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ улсын төсөв, хөрөнгө оруулалт хүнд байгаа энэ үед Хууль зүйн яам болон түүний харьяа байгууллагууд нь удирдлагын зардлаа хэмнэх талаар санаачлагатай ажиллаж өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй төсөвлөж, зарцуулах нь чухал юм, иймд улсын төсвийн гүйцэтгэл дээр хуулийн байгууллагууд үлгэр жишээ байх ёстой, гэхдээ дээрх байгууллагуудын төсвийг хамаагүй хасаж болохгүй, Улсын Их Хурлын үндсэн гол чиг үүрэг нь улсын төсөв батлах, төсөвт хяналт тавих асуудал байдаг тул хэлэлцэх арга хэлбэрийг боловсронгуй болгох хэрэгтэй байна гэсэн саналуудыг тус тус гаргаж байсан болно.

 

“Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаар Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал, дүгнэлтийг хүргүүлж байна.

 

 

ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН

ХОРООНЫ ДАРГА                                                Ш.ТҮВДЭНДОРЖ

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл