Эмхэтгэлийн 44 дугаарт Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний
мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлжээ. Мөн
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай,
уг хуулийн хамт батлагдсан хуулиуд, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны
төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулиудыг
нийтэлжээ.
Монгол Улсын төсөвт 2019 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7,353,673.5 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 9,406,581.7 сая төгрөгөөр баталжээ. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 оны төсвийн жилд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн дүнг 1,553,399.2 сая төгрөгөөр, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх "Барих-Шилжүүлэх" концессын төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн эргэн төлөлтийн дүнг 144,699.2 сая төгрөгөөр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2019 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 322,000.0 сая төгрөгөөр, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2019 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 1,068,520.0 сая төгрөгөөр, Засгийн газрын 2019 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,169,099.9 сая төгрөгөөр баталсан байна.
Мөн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын зарим дэд заалт хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолуудыг нийтэлсэн байна.
Түүнчлэн эмхэтгэлд Ерөнхийлөгийн хоригийн тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.
Дээр дурдсан хууль, УИХ-ын тогтоолуудад Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.
Мөн уг тогтоолоор хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах экспортод чиглэсэн үйлдвэрүүдийг барьж байгуулахад шаардагдах 500.0 тэрбум төгрөг хүртэлх нэн хөнгөлөлттэй санхүүжилтийн эх үүсвэрийг Төсвийн тухай хуулийн 34.1.4-т заасныг үндэслэн төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.