Цэс

Холбоо барих

Л.Дашням:“Үндсэн хуулийг цуцрааж болохгүй” гэдэг заалт оруулна, заавал санал хураалгана гэж зүтгэсээр 0.3 хувийн дэмжлэг авч байснаа санаж л байна

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Ардчилсан үндсэн хууль тогтоогч гэдэг алдар нэрийг зүүх хувьтай 430 депутатын нэг болсондоо би баяртай л явдаг юм.

Шинэ Үндсэн хуулийн анхны хэлэлцүүлэг болсон тэр өдөр буюу 1991 оны 11 дүгээр сарын 12-ноос миний хууль тогтоогчийн ажил эхэлсэн гэж хэлэхэд худал болохгүй байх. Тэр үед би хууль тогтоох гэдэг нэр томъёог ч мэддэггүй хүн байжээ. Үндсэн хуулиа Их засаг гэж нэрлэе, Үндсэн хуулийн шүүхтэй болъё, түүнээ Цэц гэж нэрлэе гэх мэтээр ярилцаж, шинэ үг, шинэ ойлголт, томъёолол төрж мэндэлж л байсан цаг. Тэр байтугаа депутат гэхээ больж, Төрийн түшээ гэдэг болох тухай санаа оноо явж л байж билээ. Одоо Байнгын парламент гэдэг нэр томъёо үүсэж, Бага хурлын хэдэн гишүүд л цаг наргүй ажиллаж, тогтоох бүхнийг тогтоож байсан мэт ярих нь хэвшиж байна. Үнэн хэрэгтээ тэр Бага хурлыг байгуулсан Ардын Их Хурлын зарим депутат, тэр тусмаа удирдлагын хэсэг болох дарга Ж.Гомбожав, орлогч Л.Дашням, Ц.Адъяасүрэн, Хороодын дарга нар, Барсүрэн, Л.Ганбаатар, О.Лхагвацэрэн нарын туслахууд бол зарим үед Бага хурлынхныг “зугаацаж” явахад хүртэл ажиллаж л байсан хүмүүс юм. Олон цагаар ажилласнаа байнга гэж нэрлэж байгаа бол бид хэнээс ч дутахгүй урт удаан цагаар ажиллаж, АИХ-ын даргын захирамж, зөвлөмж, шийдвэр гарган ажилладаг л байсан. Бага хурлынхны бодийг хөтлөх дөхсөн айхтар “дотоод ууртай” хөдөлгөөнийг бид л намжуулж байсан. Баярлалтай нь, тэр үед Ерөнхийлөгч, Ардын Их Хурлын удирдлагууд, Бага хурал ямагт хамтран ажилладаг байсан билээ. Санаа бодол, үг хэлээ ололцдог, зөвлөлдөж чаддаг байсан. Бид аль нэг нам, хувь хүний эрх ашгийн төлөө бус монгол төрийн ажил үйлийг чин сэтгэлээр хийж гүйцэтгэдэг байжээ. Түүний төлөө “илүү цаг” гэгчийг тоодог ч үгүй байж.

Ардын Их Хурлын 2-р чуулганаар орлогч даргын албаа өгсний дараа Үндэсний дэвшлийн намын Намын бүлгийн дарга, Депутатуудын Хорооны гишүүн, үе үе байгуулагддаг байсан тодорхой ажлын хэсгийг ахлах зэргээр бас л бусад нөхдөөс арай илүү суух үүрэг надад оногдож л байсан. Үндсэн хуулиа баталж дууссан хойно ч би Төрийн сүлдийг бүтээлгэж танхимд залах үүрэг даалгавар авсан ажлын хэсгийг ахлан ажиллаж байлаа. Ж.Гомбожав дарга ажлаас холдох тохиолдол бүрдээ надад Депутатын Хороогоо хариуцуулж, нягт нямбай, гярхай, болгоомжтой хандахыг даалгадаг л байлаа. Хорооны нарийн бичгийн дарга Д.Лүндээжанцан мэргэжлийн хүний хувьд их ачааг нугалдаг байсан.


Ж.Гомбожав дарга бид хоёр Төв аймаг уруу яаран сандран давхиж, Төрийн сүлд бүтээх мянган цагаан азарга, морьдын сүүл гардан авч, Монгол адуу нийгэмлэгийн анхдугаар чуулганыханд талархал илэрхийлж байсан тэр цаг мөч санаанд баярт дурсгал болон үлджээ. Дурсаад яриад байвал их юм бий дээ. Хажууд суугаа нөхөр маань цус харвачихаад байхад нь мэдэхгүй л түр нойрсож байгаа юм байх гэж бодон үг хэлэх гэж микрофон булаацалдаж зогссон минь ч бас л нэгэн ярих зүйл л дээ. “Үндсэн хуулийг цуцрааж болохгүй” гэдэг заалт оруулна гэж зүтгэн, цуцраах гэдэг үгийг “цаг баран” тайлбарлаж зогссоноо болон заавал санал хураалгана гэж зүтгэсээр 0.3 хувийн дэмжлэг авч байснаа санаж л байна. Тэр бол Үндсэн хууль хэлэлцэх явцад депутатуудын өгсөн хамгийн бага санал болж үлдсэн түүхтэй. Уг нь би Монголын ард түмний оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн түүхт бүтээлийг хувь хүн, хэсэг бүлгийн санаачлагаар “үймүүлж” болохгүй, ул суурьтай хандах учиртай гэдэг санаагаар тийн бусдын тоохгүй зүйлийг ярьж байсан юм. Одоо эргээд харахад зөв л бодож байж дээ.

“Монгол Улсад бурханы шашны зонхилох байр суурийг хүлээн зөвшөөрнө гэсэн заалт Үндсэн хуульд оруулах санаачилга нь бүтэлгүй болсны  дараа “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдлэнэ гэдэг заалтыг оруулчихвал бүх юм болоод явчихна. Үүнийг л намын бүлгүүдиин хурал дээр зөвшөөрүүлээд өг гэж Д.Чойжамц хамба надаас өөриймсөглөн гуйж би түүнийг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухайд баримталж байсан байр сууриа зөөллөнө гэж Э.Бат-Үүл гишүүнтэй барьцаа тавьж байж бүтээсэн бөгөөд хуулиа хэлэлцэх явцад миний урьдын хатуу байр суурь тэр чигээрээ батлагдсан юм. Урьд нь миний хийсэн “толгой угаалт” нэмж ам дуугарсан дуугараагүй тийн бүтсэн хэрэг. Шашнаа, төрөө гэдэг үгсийн цаана өөрийн шашин, өөриин төр гэсэн өөриймсөглөл хадгалагдаж байгаа гэж үзэн хамба бид нар “нуруутай гарлаа” гэцгээж байж билээ. Хүн амын дийлэнх нь бурханы шашин шүтдэг болохоор энэ өөриймсөглөл шашин хоорондын асуудлыг шийдэхэд яваандаа тус болно гэж үзсэн билээ.

Би Үндсэн хууль тогтооход санаанд нийцээгүй олон “зүйл”-ийн төлөө, ялангуяа төрийн сүлдний төлөөх “дотор ууртайгаа” эвлэрч чадалгүй Үндсэн хуулииг тогтоон батлахад түдгэлзсэн хоёр хүний нэг болсноо ч хэлмээр байна. Дурсах юм нээрээ л их байна аа.

Юутай ч, Үндсэн хууль тогтоогч хэмээх алдрыг зүүх хувьтай хүмүүсийн нэг болсон нь яахын аргагүй үнэн. Үндсэн хуулийн эх баригч, Хөдөлмөрийн баатар Б.Чимид гуай: ‘Та Үндсэн хуулийн төслийг сайжруулах юм ч нэлээн хийсэн, муужруулах юм ч нэлээн хийсэн” гэдэг юм. Би хариуд нь: “За тэгвэл би идэвхтэй оролцсон хүн болох нь яахын аргагүй үнэн байх нь ээ” гэдэг юм.

Эх сурвалж: Ардчилсан шинэ Үндсэн хууль тогтоочид /2012 он, ху-34-35 тал/

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл