Цэс

Холбоо барих

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2023.11.30) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.


Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Идэрбат, Б.Баярсайхан, Ж.Батжаргал, С.Чинзориг, Н.Ганибал, О.Цогтгэрэл, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нар Ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэргийг шийдэхэд энэхүү хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл ямар үр дүн гаргах тухай,  хуулийн үзэл баримтлал, өнөөгийн шүүх ажиллагааны  хүндрэл бэрхшээл ямар байгаа талаарх асуултуудад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хариулсан.


Түүний дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж үг хэллээ.  Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх  дэмжиж,  дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томиллоо

Хуралдаан Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг сонгох тухай асуудлаар үргэлжиллээ. Тус Комиссын даргад нэр дэвшүүлэх саналаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав. Тэрбээр,  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т Комиссын даргыг гишүүдийн дотроос Улсын Их Хурлын даргын санал болгосноор зургаан жилийн хугацаагаар Улсын Их Хурал нэг удаа томилно” гэж, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д “хуульд заасан үндэслэлээр Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, дэд даргыг томилох, чөлөөлөх санал гаргаж Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх” гэж заасан байдаг. Холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дугарын Сүнжидийг Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилуулах санал оруулж байна гэв. Мөн тэрбээр, Улсын Их Хурлаар тус Комиссын тайлан, илтгэлийг хэлэлцэж, холбогдох тогтоолыг баталж, хүний эрхийн цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх зорилт тавьсан. Эрх зүйн цогц шинэчлэл хийх, гадаад дотоод мэдээллийн урсгалаа нэг болгох, аливаа асуудлын үнэн эсэхийг тухай бүрд мэдээлдэг байх, эрүүдэн шүүлттэй тэмцэх механизмыг ажиллуулж буй арга барилын талаар ярилцаж, санал солилцсон. Энэ хүрээнд тус Комиссын гишүүдээс байгууллагын үйл ажиллагаагаа сайжирч, жигдэртэл Комиссын даргыг ротацын зарчмаар дэвшүүлдэг байх санал санаачилга гаргасан” гээд нэр дэвшигчийн намтрыг танилцуулав.


Нэр дэвшигч Д.Сүнжид 1977 онд төрсөн. 1983-1993 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын 1 дүгээр дунд сургууль, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 1998-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистр, 2000-2002 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд Олон улсын харьцуулсан эрх зүйн магистр, 2006-2009 онд ХБНГУ-ын Людвиг-Максимилианы Их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. 2002-2003 онд ШУА-ийн Философи, социологи, хүний эрхийн хүрээлэнгийн Хууль зүйн судалгааны төвийн судлаачаар, 2003-2012 онд нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн, өмгөөлөгчөөр, 2005-2012 онд “Хөгжлийн төлөө төв” ТББ-ын гүйцэтгэх захирлаар, 2009-2014 онд Хууль зүйн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар, 2014-2015 онд Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар, 2015-2017 оноос ЕТГ, ШХА-ийн “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагчаар, 1998 оноос одоог хүртэл Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн багш, ахлах багш, дэд профессоор, 2017 оноос ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагчаар, 2020 оноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр ажиллаж байна гэв.

Түүний дараа Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцууллаа.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргад нэр дэвшүүлэх саналыг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар нэр дэвшигч Д.Сүнжидийг нэр дэвшүүлснийг олонх дэмжиж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилох нь зүйтэй гэж үзлээ гэв.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, ХЭҮК-ийн даргыг сонгох асуудлыг хэт яаравчлан оруулж байгаад шүүмжлэлтэй хандсан бол УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Н.Ганибал Б.Баярсайхан, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа нар дэмжиж үг хэлсэн.


Тухайлбал, нэр дэвшигч онолын мэдлэг болон ажлын туршлагатай учраас  хараат бусаар, нийгмийн хүсэл шаардлагад нийцүүлэн, хүний эрхийн зөрчлийг арилгахад дэвшил гаргаж ажиллахыг хүслээ.

Ингээд Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар Д.Сүнжидийг томилохыг дэмжих саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 64 хувь нь дэмжив.


УИХ-ын дарга Г.Занданшатар, хүний эрх, тэр дундаа нийгмийн эмзэг асуудал болсон хүүхдийн эрхийг хамгаалахад ардчилсан төр дэвшил гаргах ёстой. Аливаа асуудалд цаг алдалгүй хариулт өгч гэмээнэ  ажлын үр дүн гарна гэдгийг онцлоод Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдсон Д.Сүнжидэд ажлын амжилт хүслээ.


Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан үргэлжиллээ.

Тус хуулийн төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Оюунчимэг танилцуулсан.


Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын даргын 2023 оны 11 дүгээр сарын 06ы өдрийн 174 дүгээр захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшинээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Д.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан гээд хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор Улсын Их Хурлын “d.parliament.mn” цахим системээр дамжуулан олон нийтээс тухайн төсөлтэй холбогдуулан санал авахад нэр бүхий иргэдээс 77 санал ирүүлснийг Ажлын хэсэгт танилцуулсан гэв.

Мөн нийт 68 зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ажлын хэсгийн дэмжсэн нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар албадан чөлөөлөх шийдвэрийг гаргахад тухайн төсөл, арга хэмжээний нөлөөлөлд өртөж байгаа газар өмчлөгч, газар эзэмших эрхтэй этгээд, улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч, хуулийн этгээдийн 65-аас доошгүй гэснийг 70-аас доошгүй хувийн дэмжлэгийг авсан байх гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хасах, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “түүний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар” гэснийг “тухайн шатны Засаг даргаар” гэж, мөн зүйлийн 14.3 дахь хэсгийн “иргэдийн Төлөөлөгчдийн Хурал” гэснийг “Засаг дарга” гэж,” гэснийг хасах, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөлд цахилгаан тэжээлт автомашиныг нэмж, татварын хувь хэмжээг тогтоох зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа Ажлын хэсгийн бүрэлдэхүүнээс гарах талаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд хаалттай болон төлбөртэй авто зогсоолуудыг нээлттэй болгох талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан авто зогсоолтой холбоотой зохицуулалтууд нь Автотээврийн тухай хуульд тусгагдсан ба нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах тул хуульчлах шаардлагатай эсэх мөн дэд төвтэй холбоотой хуулийн заалтууд хязгаарлагдмал байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг газар чөлөөлөхтэй холбоотой харилцааг Засгийн газраас баталсан журмаар бус хуулиар нарийвчлан зохицуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслийн дөрөвдүгээр бүлгийг дэмжихгүй байгаагаа илэрхийлээд, газар албадан чөлөөлөхтэй холбоотой асуудлыг зайлшгүй хуульчлах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөний түгжрэлийн нөлөөллийг бууруулах эрх, үүргийг хуулийн төслөөс хасахгүй байх нь зүйтэй талаар,  Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, С.Амарсайхан нар гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зөвлөлтэй холбогдох асуудлыг Засаг даргад шилжүүлэх шаардлагагүй талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн болно гэв.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нарын гишүүд асуулт асуув. Тухайлбал, нийслэлийг хөгжүүлэх сонгуулийн амлалтын хэрэгжилт ямар байгаа тухай, нийслэлийн авто тээвэр, орон сууцжуулах бодлого зэрэг сэдвээр асуулт асуув.  Улаанбаатар хотын такси үйлчилгээний хүрэлцээг анхаарахгүйгээр, такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй бол 3 сая хүртэл төгрөгийн торгууль ногдуулахаар хуульчлах нь  зөв эсэх, автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх шалтгаан зэргийг тодруулж байлаа.

Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, "Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийслэл хотын өнгө зүсийг илэрхийлсэн олон улсын стандартыг хангасан таксины үйлчилгээг нэвтрүүлнэ. Харин“UBСab” зэрэг  үйлчилгээ бол иргэд сайн дурын үндсэн дээр,  ажлынхаа зав чөлөөгөөр зохион байгуулалтад орж таксины үйлчилгээ эрхэлж байгаа хэлбэр юм. Цаашид таксины үйлчилгээ эрхлэхийг хүсэгчид тодорхой сургалтад сууж, стандарт хангасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно. Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж дуусч байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина. 2024 онд нийслэлийн автозамын нэвтрүүлэх чадварыг 20 гаруй хувиар нэмэгдүүлж, ирэх жилийн 6 сараас өмнө гурван нүхэн гарц байгуулна. Автомашины татварыг хоёр дахин нэмэгдүүлэх тухай НИТХ-д яригдаагүй" гэж хариулсан.

Түүний дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 72 саналын томьёоллоор санал хураалт явуулсан. Санал хураалт явуулж дууссаны дараа дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.  

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүллээ

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг урагшуулж хэлэлцэх горимын саналыг УИХ-ын гишүүн Т.Аубакир гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн тул УИХ-ын нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдсан юм.

Тус хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцууллаа.


Тэрбээр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг асуулт асууж, хариулт авсан. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэдгийг онцлов.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.


Үргэлжлүүлэн энэхүү хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан.

Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцууллаа. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүнээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг баримтлан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.


Байнгын хорооны санал, дүгнэлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй тул Байнгын хорооны анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжсэн. Иймд Зөвшөөрлийн тухай хууль (Шинэчилсэн найруулга)-д нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл