Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Ж.Батжаргал, Ж.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан билээ. Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хугацаанд хөнгөн үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүд, дотоодын үйлдвэрүүд, Санхүүгийн зохицуулах хороо болон даатгал, үнэт цаасны салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, өнөөгийн татварын орчин, холбогдох эрх зүйн зохицуулалтуудын хүрээнд шийдэл, санаачлагаа хэлэлцсэн. Өнөөдөр (2023.11.29) УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг нар “Монголын хүнд үйлдвэрийн салбарын эрдэс холбоо” ГҮТББ болон төмрийн хүдэр, нүүрс, жонш боловсруулах үйлдвэрийн төлөөллийг хүлээн авч уулзан, дотоодын аж ахуйн нэгжүүдэд тулгарч буй татварын ачаалал, дарамтыг тодорхойлж, тэдний үйл ажиллагаанд хүндрэл учруулж буй хуулиас давсан дүрэм журмуудыг цэгцлэхийн тулд татварын цогц шинэчлэлийн хүрээнд санал солилцсон юм.
Уулзалтын үеэр, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн татварын нэгдсэн бодлогоор дотоодын аж ахуйн нэгжүүдийг дэмжсэнээр экспортыг төрөлжүүлж, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй болохын зэрэгцээ ажлын байр нэмэгдэхийн хэрээр ард иргэдийн бодит орлогын түвшин сайжрах тул татварын реформд салбар бүрийн саналыг тусгах нь чухал гэдгийг онцлов. “Монголын хүнд үйлдвэрийн салбарын эрдэс холбоо” ГҮТББ-ын зүгээс ашигт малтмалыг баяжуулах, боловсруулах шатанд үүсэж буй татварын ачаалал, зах зээлд худалдаалахад тулгарч буй хүндрэлүүдийг шийдвэрлэхийн тулд нэн шаардлагатай байгаа эрх зүйн зохицуулалтуудыг уламжилж байв.
Цаашид дотоодын үйлдвэрлэл эрхлэгчид, нэмүү өртөг бүтээгчид, ажлын байр бий болгогчдыг татварын бодлогоор дэмжих, тэдэнд ногдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх талаар аж ахуйн нэгжүүдийн саналыг нэгтгэн, татварын цогц шинэчлэлийг хэрэгжүүлснээр бодитой үр дүнд хүрнэ хэмээн ажлын хэсгийн гишүүд тодотголоо гэж Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.