Цэс

Холбоо барих

БОХХААБХ: Байнгын хорооны даргаар Ж.Батжаргалыг сонгохыг дэмжиж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийлээ


Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2023.11.29/ хуралдаан 14 цаг 12 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хуралдааны эхэнд хэлэлцэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат дараагийн хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гурилын үнийн өсөлтөд хяналт тавьж буй эсэх талаар мэдээлэл сонсох саналтай байгаагаа илэрхийлсэн юм.

Ингээд  Улсын Их Хурлын  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн санал, нэр дэвшигчийн талаар Байнгын хорооны дарга Б.Саранчимэг танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нь 1986 онд Төв аймгийн Зуунмод сумын II дунд сургууль, 1990 онд МУИС-ийг банкны эдийн засагч, 1996 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр тус тус төгсөн. 1990-1991 онд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Хаан банканд эдийн засагч, 1991-1992 онд Баян-Өнжүүл сумын АДХГЗ-нд орлогч дарга, 1992-1994 онд Баян-Өнжүүл сумын Засаг даргын орлогч, 1994-1996 онд Баян-Өнжүүл сумын ЗДТГ-т байгаль орчны хяналтын байцаагч, 1996-2000 онд Баян-Өнжүүл сумын ИТХ-ын дарга, 2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга, 2012-2016 онд Аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016-2020 онд Төв аймгийн Засаг дарга, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж буйг онцлов.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс гаргасан саналтай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул "Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргад Ж.Батжаргалыг дэмжье" гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  76.9 хувь нь дэмжсэн юм. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ хийв. Тэрбээр танилцуулгадаа, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2023 оны 12 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, хуулийн төсөл эцэслэн батлагдсанаар махны экспорт болон хяналтын асуудлыг дотооддоо бүрэн шийдвэрлэхээр болсныг онцлоод энэ хүрээнд малын махны экспорт хэрхэн нэмэгдэх, монголын мал эмнэлгийн салбарын хянан баталгаажуулалт болон эрүүл бүс зарлах ажилд ахиц дэвшил гарч буй талаар тодрууллаа.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хариултдаа, өнгөрсөн жилтэй харьцуулахад махны экспорт дөрөв дахин нэмэгдэж, 70 мянган тонныг гаргаад байна. Цаашдаа малын махыг бүхий л хэлбэрээр хилээр гаргах бөгөөд Хүнсний аюулгүй байдлын зөвлөлөөр малыг амьдаар нь гаргахдаа хонь, ямаанд хувь тогтоож, тодорхой бодлогын хүрээнд асуудлыг нарийвчлан шийдвэрлэнэ гэдгийг онцлов. Мөн мал, амьтны дэглэм бүхий эрүүл бүс болон хамгаалагдсан аж ахуйгаас олон улс өндөр үнээр малын мах худалдан авч байгаа тул энэ асуудалд салбарын яамнаас анхаарал тавин ажиллаж байна хэмээв.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.


Үргэлжлүүлэн Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Хуулийг дагаж мөрдөх журмын тухай төслийн талаар Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, гэрчилгээ олгох чиг үүргийг гаалийн байгууллагаас хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгуулага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тус тус шилжүүлэхээр тусгасныг онцлов.

Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөл, гаалийн байгууллагаас олгож байгаа экспортын гэрчилгээ буюу олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээний загварыг худалдааны түнш улс орнуудын эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортолж, импортолдог гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдахын зэрэгцээ амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөл, гэрчилгээний загварыг худалдааны түнш улс орнуудын эрх бүхий байгууллагатай шинэчлэн тохироход тодорхой хугацаа шаардлагатай бөгөөд экспорт, импортын үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах нөхцөлийг хангах зорилгоор өмнө тохирсон нөхцөл, экспортын гэрчилгээний загварыг мөрдөх тухай зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай байгааг тодотгосон.

Түүнчлэн экспортлох амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд олгох ургамлын хорио цээрийн гэрчилгээ, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварыг импортлогч улс орны эрх бүхий байгууллагатай шинэчлэн тохирсны дараа хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэрчилгээг олгох чиг үүргийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасны дагуу Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал мал аж ахуйн салбарын экспортын асуудалд нэгдсэн зураглал гаргах улмаар мал, амьтны эрүүл бүс байгуулах асуудалд Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн үг хэллэг, найруулгын хувьд анхаарах нь зүйтэй гэсэн саналыг хэлсэн юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргалаа. Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн 

эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын гурван гишүүнээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.


Энэ талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар хийв. Тэрбээр танилцуулгадаа, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны 11 дүгээр сарын 16, 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлснийг тодотгоод чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс болон Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваанаас гаргасан зарчмын зөрүүтэй 53 санал, найруулгын 1 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул төсөлд анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналыг тусгасан гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг төслийн 4 дүгээр  бүлгийн эзэнгүй амьтантай холбоотой харилцаа гэдгийг хэрхэн ойлгох талаар лавлахад Ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар төслийн 3 дугаар зүйлийн хуулийн нэр томьёо гэдэгт 3.1.4-т “эзэнгүй амьтан” гэж бусдын асран хамгаалалт, хараа хяналтад байхгүй гэрийн тэжээвэр амьтныг гэж тодорхойлж тусгасан гэж хариулав.

Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдааны төгсгөлд Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх, эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэхэд Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зөвшөөрөл олгохтой холбоотой зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй холбогдуулан Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн боловсруулсныг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар танилцуулгадаа онцолсон.       

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т  заасны дагуу хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав.

Уг горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл