Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороо өнөөдөр /2023.11.29/ эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах асуудлаар хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан Ажлын хэсгийн “Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээний өнөөгийн байдалд хийсэн хяналт шалгалт, үнэлгээ”-ний дүнгийн талаарх мэдээллийг сонслоо. Эрүүл мэндийн яам, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Татварын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар хамтарсан долоон Ажлын хэсэг 223 эмийн сан, 109 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 19 эмийн үйлдвэр, 12 аймгийн нэгдсэн эмнэлэг, 5 бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг оролцуулан нийт 368 байгууллагад хяналт, шалгалт явуулжээ. Ингэхдээ 2022 онд хамгийн ихээр импортолсон олон улсын 50 нэршилтэй, худалдааны 240 нэршил бүхий 414 нэр төрлийн эмэнд үнэ тогтоож буй байдал, үнийн өсөлтийг тодорхойлсон байна. Тэдгээрээс долоон нэрийн эмийг үнийн нэмэгдэлгүй борлуулж байсан бол нийт эмийн 78.7 хувийг 30 хүртэл хувиар, 3.2 хувийг 2-4 дахин нэмэгдсэн үнээр худалдаалж буй нь тогтоогджээ. Харин үндэсний үйлдвэрийн эмийн 29 хувийг 40 хүртэлх хувиар, 25 хувийг 2-3 дахин нэмэгдсэн өртгөөр худалддаг нь тодорхой болжээ. Эмийн үнэ нийслэл, орон нутагт харилцан адилгүй байгаа бөгөөд эмийн үнэ хэлцлийн үнээс эцсийн хэрэглэгчид хүрэхдээ дунджаар 1.1 дахин нэмэгддэг гэсэн дүнг Ажлын хэсэг гаргажээ.
Судалгаанд хамрагдсан иргэдийн олонх нь зах зээл дэх эмийн үнэ өндөр байгааг, сард дундажаар 100 гаруй мянган төгрөгийг эмэнд зарцуулдаг гэсэн хариултыг өгчээ. Тэд даатгалаар олгож буй эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх, хүүхэд, ахмад настанд олгох эмийн үнийг бууруулахыг хүссэн бол эм импортлогчдын зүгээс татвар бууруулах талаар хүсэлт гаргасан аж.
Эрүүл мэндийн даатгалд хамруулсан эмийн үнийн лимитийг хэт доогуур үнэлснээс шалтгаалан зарим эмийн нийлүүлэлт буурах нөхцөл үүссэн байна. Эмийн үнийн хөнгөлөлтөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2021 онд 69 тэрбум, 2022 онд 81 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос өнгөрсөн онд нийслэлийн 759 эмийн санд 47 тэрбум төгрөг олгожээ. Хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг зүрх, судасны тогтолцоонд нөлөөлөх бэлдмэлд зарцуулсан байна. 30 хувийн хөнгөлөлттэй эмэнд олгосон санхүүжилтийн хэмжээ 2022 онд 41.5 хувь өсжээ. Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас нэхэмжилсэн эмийн үнийн 55.6-67 хувийг энтекавир, карбамазепин, урсодеоксихолийн хүчил, микофенолын хүчил гэсэн дөрвөн нэр төрлийн эм эзэлж буй аж.
Судалгаанд хамрагдсан эмч, эмнэлгийн мэргэжилтний зүгээс эмийн чанарыг сайжруулахтай холбогдуулан эмийг жороор, эмчийн заавраар зөв, зохистой хэрэглэх; лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах; хяналтыг сайжруулах; эмийн зар сурталчилгаанд хяналт тавих; эрүүл мэндийн боловсрол, эмийн бүртгэл мэдээллийг сайжруулахыг санал болгосон бол иргэдийн зүгээс дээрх саналаас гадна эмч, эм зүйчдийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой гэжээ.
Хяналт шалгалтаар эм, эмнэлгийн хэрэгслийг зориулалтын дагуу хадгалаагүй, тээвэрлэлтийн нөхцөлийг шалгаж авдаггүй, эм, эмнэлгийн хэрэгслийг түгээхдээ нөхцөлийг хянаж баримтжуулаагүй, чанар, аюулгүй байдлын тайланг гаргадаггүй, стандартад заасан хүний нөөц дутагдалтай гэсэн нийтлэг зөрчил илэрчээ. Шалгалтад хамрагдсан эмийн сангуудын 46.8 хувь нь жороор олгох эмийг жоргүйгээр болон алдаатай жороор олгосон зэрэг зөрчилтэй байсан талаар Ажлын хэсэг хуралдааны үеэр мэдээлэв. Түүнчлэн хүчинтэй хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй нийт 61 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслийг илэрснийг устгуулсан гэлээ. Эм ханган нийлүүлэх байгууллага, эм сангуудад стандартын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн юм. Ажлын хэсгээс хууль эрх зүйн орчинг боловсронгуй шаардлагатай гэж үзэн эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, үнэ, чанар, аюулгүй байдлыг хянах нэгдсэн цахим тогтолцоо бүрдүүлэх зохицуулалтыг нарийвчлан тусгах, эмийн үнэ /өртөг/-ийн ил тод байдлыг хангах, эмийн чанар, аюулгүй байдлыг хангах, эмийн хяналт, зохицуулалтын тогтолцоог бэхжүүлэх, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хяналт шалгалт, тандалт, үнэлгээг эрчимжүүлэх чиглэлээр гаргасан саналаа танилцуулсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, хяналт, шалгалтын үр дүнг эмийн чанарыг сайжруулах, үнийг буулгахтай холбож болох уу гэсэн асуулт тавихад Ажлын хэсэг, хууль эрх зүйн орчин зайлшгүй шаардлагатай байгаа. Гаалийн мэдээллийг давхар авдаг болгох, эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавих, хадгалах нөхцөлийг шалгах, 1500 гаруй эмийн санг шалгах улсын байцаагчдын хүрэлцээ, нөхцөл байхгүй хэмээн хариуллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.