Цэс

Холбоо барих

НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо

Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалт өнөөдөр (2023.11.28) Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо.



Тэрбээр ярианыхаа эхэнд Монгол Улстай тогтвортой хамтран ажиллаж, бодлого, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж байгаа Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд болон тус байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовскад талархал илэрхийлээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах арга хэмжээнд Монгол Улсыг тусгайлан сонгон авсанд баяртай байгаагаа уламжлав. Үргэлжлүүлэн, “Хүний хөгжил бол хүн бүрд тэгш боломж, сонголт олгох, өсөлтийн үр шим, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй түгээх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ядуурал, ажилгүйдэл, аливаа алагчлалаас ангид байлгах зэрэг өргөн хүрээг хамарсан дэлхий нийтийн хүчин чармайлт юм. Энэ хамтын зорилгод Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Монгол Улс ч өөрийн хувь нэмрийг оруулах учиртай. Бүс нутгийн Хүний хөгжлийн 2024 оны илтгэл “Ирээдүйгээ бүтээх нь: Ази, Номхон далайн бүс нутгийн хүний хөгжлийн шинэ чиглэл” гэсэн сэдвийг хөндсөн байна. Хүн төрөлхтөн аливаа асуудалд шинэ хандлага, шинэ чиглэлийг эрхэмлэж, шинэчлэлийн зорилгоо шинээр тодорхойлох нь нэн чухал болж байгаа үед энэ нь онцгой ач холбогдолтой юм” гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, яриандаа  эдийн засаг 2023 оны жилийн эцсийн төсөөллөөр 6.0 хувийг давах эерэг мэдээтэй байгаа хэдий ч орлогын болон жендэрийн тэгш бус байдал, хот-хөдөөгийн ялгаа, ядуурал, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг эмзэг, тулгамдсан асуудлууд байсаар байгааг онцлон тэмдэглэв. Тиймээс Монгол Улсын Их Хурлаас “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байна гэсэн юм. Энэ хүрээнд  аливаа гадуурхлыг арилгаж, хүний нэр хүндийг дээдлэх, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүний чадамжийг тэлж, хүмүүсийн сонголтыг төрөлжүүлэх, эрүүл мэндийн тогтвортой тогтолцоог бэхжүүлэх зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан чиглэл, зорилтыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Дараа нь Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч  Хатагтай Матилда Димовска Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэлээс  Монгол Улсад хамаарах агуулга, тайлангийн гол санал зөвлөмжийг танилцуулсан.


Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэлд дурдсанаар  Монгол Улс хүний хөгжил өндөртэй орнуудын тоонд багтдаг ч сүүлийн жилүүдэд дэлхийг хамарсан олон хямралуудын улмаас орлого, сургуульд сурсан жил, дундаж наслалт зэрэг үзүүлэлтүүд буурч байгаа аж. Үүнээс гадна ядуурлын түвшин буурч байсан ч сүүлийн жилүүдэд харьцангуй удаашрах болсон, бүс нутгийн хэмжээнд төдийгүй Монгол Улсад хүний хөгжлийн эрч мэдэгдэхүйц удааширч байгаагаас гадна цар тахлын жилүүдэд жендэрийн тэгш байдлын ахиц дэвшилд ухралт ажиглагдаж байна хэмээн дүгнэсэн байна.  Түүнчлэн Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хэмжигдэхүйц 83 шалгуур үзүүлэлтээс ердөө 32 нь ( 38,6 хувь ) нь 2030 он гэхэд зорилтоо биелүүлэхээр байгааг сануулав. Мөн төрийн санхүүг илүү хариуцлагатай удирдах бодлогын хүрээнд нэмэгдсээр буй улсын өр нь хүний хөгжлийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна. Өрийн бүтцийн өөрчлөлтийг цаг тухайд нь хийж, өрийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Санхүүжилт татаж, нийгмийн хамгааллын зардлыг зорилттойгоор хүргэх, олон улсын тавцан дахь түншлэлээ хөгжүүлэх шаардлагатай байгаа талаар Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэлд дурдсан байна.

Танилцуулга “Ирээдүйгээ бүтээх нь: Ази, Номхон далайн бүс нутгийн хүний хөгжлийн шинэ чиглэлүүд Монгол Улсад” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ.


Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Эдийн засагч, Стратегийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач Н.Энхбаяр, Эдийн засагч, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми,НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны Нарийн бичгийн дарга Л.Цог-эрдэнэ нар оролцож, сонирхсон асуултад хариулт өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

 

 

 

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл