Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.24) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын парламентын гишүүн асан, хатагтай Маргарет (Мэг) Мунн, Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Мариана Дуарте, тус холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн ажилтан, хатагтай Бутайна Ламхарзи нарыг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурал хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээг хийсэн дэлхийн бүх парламентуудаас анхдагч болж, Жендерийн эрх тэгш байдлын талаарх өөрийн үнэлгээг хийсэн 13 дахь парламент болсныг уулзалтын эхэнд цохон тэмдэглэж, ОУПХ-ны хамтын ажиллагаа, аргачлалын дагуу явуулсан энэхүү өөрийн үнэлгээний үйл ажиллагаанд зөвлөхөөр ажилласан хүндэт зочдод Монгол Улсын Их Хурал болон өөрийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлэв. Тэрбээр, Монголын ард түмний төлөөллийн байгууллага Улсын Их Хурал хүний эрх болон жендэрийн тэгш байдлыг бүрэн хангаж ажиллах үүрэгтэй. Энэ үүргээ хэрэгжүүлэхийн тулд өнөөгийн нөхцөл байдлаа үнэлж, цаашид хэрхэн ажиллаж, хэрхэн сайжруулах талаар тодорхойлоход өөрийн үнэлгээ ихээхэн чухал болохыг онцлоод өөрийн хуримтлуулсан туршлагаа бусад орны парламенттай хуваалцахад таатай байх болно гэв. Түүнчлэн, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн парламентын ардчиллыг бэхжүүлэх, шударга ёс, хүйсийн эрх тэгш байдлын мэдрэмжтэй ажиллах талаар гаргаж буй Монгол Улсын Их Хурлын хүчин чармайлт, идэвх санаачилгыг Олон Улсын Парламентын Холбоо дэмжиж байдагт ямагт талархалтай байдаг гэлээ.
Хатагтай Мэг Мунн Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган халуун дотноор хүлээн авч байгаад баяртай байна гээд Олон Улсын Парламентын Холбоо, Монгол Улсын Их Хуралтай хамтран хоёр өдрийн турш зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлэгт манлайлан оролцож, дэмжиж ажилласанд талархал илэрхийлэв. Тэрбээр, 2015 оноос хэд хэдэн орны парламентад жендэрийн эрх тэгш байдлын талаарх үнэлгээ хийж байсан хэдий ч хүний эрхийн талаарх өөрийн үнэлгээг Монгол Улсын Их Хуралтай хамтран анх удаа хийлээ. Энэ бол Олон Улсын Парламентын Холбооны хувьд түүхэн ач холбогдолтой үйл хэрэг болсон. Монголын парламент энэ хэрэгслийг ашигласан дэлхийн анхны парламент гэдгийг байнга дурдах болно. Улс төрийн манлайлал маш чухал тул Олон Улсын Парламентын Холбооны зүгээс Монгол Улсын Их Хуралд хийсэн энэхүү үнэлгээд ихээхэн ач холбогдол өгснийг энэ ташрамд дурдах нь зүйтэй. Иймд тус Холбооноос дэлхийн парламентуудын үлгэр жишээ болсон Монгол Улсын Их Хурлыг цаашид ямагт дэмжиж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Монгол Улсын Их Хурал нээлттэй, ил тод, хариуцлагатай байх зарчмыг баримталж, иргэдийнхээ дуу хоолойг сонсохыг эрхэмлэдэг. 2019 онд баталсан өөрийн стратеги төлөвлөгөөнд хүний эрх болон жендэрийн тэгш байдлыг бүрэн хангаж ажиллахыг тусгасан бөгөөд энэ нь манай парламентын тэргүүн зорилт юм. Энэ ч үүднээс бид ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгохоор ОУПХ-ны тэргүүн туршлагаас суралцсаар байна. Үүний нэг тод жишээ бол ардчилсан, зөвлөлдөх, цахим парламент байх зорилтын хүрээнд d.parliament.mn цахим платформд нийтийн өргөдөл хүлээн авах petition.parliament.mn системийг хоёр сарын өмнөөс амжилттай нэвтрүүлээд байна. Ингэснээр хууль тогтоох үйл ажиллагаан дахь иргэдийн оролцоог хангах, олон нийт засаглах эрхээ эдлэх боломжийг нээхээр зорьж байгаа юм. Мөн Монгол Улсын Их Хурлаас Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан, 2024 оны ээлжит сонгуулиар нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй, 2028 оны ээлжит сонгуулиар 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан. Өнгөрсөн жил бид “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтыг “Жендэрийн эрх тэгш байдал ба Тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулж, бусад олон орны парламентын гишүүд, эрдэмтэд, судлаачдыг оролцуулж байсныг та бүхэн мэдэж байгаа. Ирэх жилийн 04 дүгээр сард Алтай дамнасан улс орнуудын соёл, түүх, уламжлал, угсаатны харилцан хамаарал, тэдгээрийн тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн ээлжит чуулга уулзалтыг Энх тайван, засаглал, түншлэл сэдвийн дор зохион байгуулна. Үүнд тогтвортой байдлыг хангах үйл явцад та бүхний оролцоо маш чухал. Иймд Олон Улсын Парламентын Холбоо энэхүү чуулга уулзалтад оролцож, хамтран зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүсье гэлээ.
Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Жендэрийн түншлэлийн хөтөлбөрийн ажилтан, хатагтай Мариана Дуарте Улсын Их Хурлын даргыг хүлээн авч ууулзаж буйд талархал илэрхийлээд “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлгийн нээлтийн үеэр Oлон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг Монгол Улсын Их Хурлын өөрийн үнэлгээ, тэр дундаа хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлт, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих чиглэлээр хийж буй чухал ахиц дэвшлийг онцолж байсныг дурдаж, ардчиллын гол түлхүүр, парламент хоорондын дипломат харилцаа нь дэлхийн энх тайвны түлхүүр юм гэдгийг онцолж байсан. Тэрбээр, Тотвортой хөгжлийн зорилгын 16-д заасан Энх тайван, шударга ёсыг цогцлоох хүрээнд Oлон Улсын Парламентын Холбооны зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Oлон Улсын Парламентын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгонг-ыг ирэх жил зохион байгуулагдах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтад оролцох урилга гардуулан өгсөнд талархал илэрхийлье хэмээв.