Цэс

Холбоо барих

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх иргэдийн санаачилга Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх татварын цогц шинэчлэлийн эхлэл боллоо

Монгол Улсын иргэн Раднаабазарын Цэндсүрэнгээс “D-өргөдөл” системд гаргасан “Цалинтай ээж гэж нэрлэгдэж буй 50.000 төгрөгийг нэмэхийг Та дэмжиж байна уу” гарчигтай цахим өргөдөл 100.000-аас дээш иргэдийн санал авсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Уг нийтийн өргөдөл болон үүний өмнө тус бүр 100 мянгаас дээш иргэний дэмжлэг авсан Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хувь хэмжээг нэмэх, Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварын шимтгэлийг өөрчлөх талаар нийтийн өргөдлүүд татварын цогц шинэчлэл хийх ажлын эхлэл болж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, УИХ, Засгийн газар уг асуудлаар хамтран ажиллаж байгааг дуулгалаа.

УИХ-ын дарга 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 37 дугаар захирамж гаргаж, Татварын орчинд дүн шинжилгээ хийх, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулсан билээ.

УИХ-ын дарга, Ажлын хэсэг татварын асуудлыг сууриар нь эргэж харах зайлшгүй шаардлагатай байна. Бодит шаардлагад үндэслэсэн иргэдийн өргөдлийг Байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байгаа нь өөрөө ардчилал бөгөөд Ард түмэн “засаглах” эрхээ хэрэгжүүлж байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс хуулийн шаардлага хангасан дээрх 3 өргөдлийн талаар Та бид холбогдох журмын дагуу хэлэлцэж, шийдвэр гаргаж, иргэддээ хариуг нь өгөх ёстой гэдгийг онцлон тэмдэглэе гэлээ.

Мөн парламентын ардчиллыг төгс утгаар нь төлөвшүүлэх хамгийн үнэ цэнэтэй асуудал бол иргэдийн дуу хоолой, хүсэл тэмүүллийг сонсох, оролцоог хангадаг байх явдал гээд, иргэдийнхээ эрхийг хүндэтгэж, судалгаа тооцоолол, бодит мэдээлэлд үндэслэн шийдвэр гаргадаг байх ёстой хэмээн анхаарууллаа.

Өнөөдрийн байдлаар “D-өргөдөл” системд 549 иргэн 630 нийтийн өргөдөл санаачилснаас, 111 иргэний 120 нийтийн өргөдөл шаардлага хангасан тул албан ёсоор байршуулаад байгаа юм. Эдгээр өргөдлүүдэд давхардсан тоогоор 518 мянган иргэн гарын үсэг зурж баталгаажуулан санал өгчээ. Эдгээрээс 3 өргөдөл 100.000-аас дээш санал аваад байна хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл