Цэс

Холбоо барих

"Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлгийн үр дүнгийн талаар мэдээлэл хийв


Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний хэлэлцүүлгийн үр дүнгийн талаарх хэвлэлийн бага хурал  өнөөдөр /2023.11.24/ Төрийн ордны "Их засаг" танхимд боллоо. Энэ үеэр олон улсын зөвлөх Мэг Мунн, Мариана ДуартеБотанья Ламхарзи, үндэсний зөвлөх Б.Болорсайхан, М.БатбаатарБ.Долгор, Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа нар мэдээлэл хийсэн юм.  

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа хэвлэлийн бага хурлын эхэнд хэлсэн үгэндээ, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойших 30 гаруй жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалах, жендерийн тэгш байдлыг хангах асуудлаар анх удаа өөрийн үнэлгээ хийх хэлэлцүүлгийг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулсныг дурдаад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Олон Улсын Парламентын Холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгуулснаар энэхүү үйл ажиллагааны эхлэл тавигдсаныг онцолсон.

Мөн тэрбээр, хүний эрхийг дээдэлсэн, жендерийн мэдрэмжтэй байх дэлхийн улс орнуудын парламентын баримталж буй үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа хууль тогтоомжуудад баримтлан ажиллах чиглэлээр Монгол Улс анхны санаачилгыг гарган ажиллаж байгааг тодотгоод дээрх чиглэлд Монголын парламент алдаа оноогоо дэнслэхэд ач холбогдол өгч, цаашид  жендерийн мэдрэмжтэй, хүний эрхийг дээдэлсэн парламент болохын тулд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсны үр дүн чиглэж буйг цохон тэмдэглэв.


ОУПХ-ны олон улсын зөвлөх  Мэг Мунн:-Энэ удаагийн парламент өөрийн үнэлгээгээ хийж байгаа нь маш чухал. Миний хувьд Монгол Улс үндэснийхээ зөвлөхүүд болон бусад байгууллагуудын оролцоотойгоор өөрийн үнэлгээг явуулж байгаад талархаж байна. Бидний хувьд дэлхийн бусад орнуудад хэрэгжиж байгаа, авч хэрэгжүүлж байсан сайн туршлагуудыг хуваалцан, олон улсын түвшинд хэрэгжиж буй жишгүүдийг танилцуулж дэмжлэг үзүүлэн холбогдох зөвлөмжийг өгч ажиллласан. Олон улсын зөвлөхүүд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцуудын хэрэгжилт, тэдгээрийн хэрэгжилтэд мөрдөгддөг шаардлага, үйл явцад тусламж, дэмжлэг үзүүлэх үүрэгтэйгээр оролцсон.

ОУПХ-ны Жендерийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн мэргэжилтэн Олон улсын зөвлөх  Мариана Дуарте: -Монгол Улсын Их Хурлаас санаачилга гаргаж өөрийн үнэлгээг хийж байгаад бид маш их талархаж байна.  Энэ нь парламент өөрөө хийж хэрэгжүүлж сайжруулах, гүнзгийрүүлэх асуудал байна гэдгээ хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, дараагийн шатанд буюу шинэ парламент бүрдэхэд бэлэн байдлыг хангаж, цаашдаа батлагдан гарах хууль тогтоомжуудаа хэрхэн сайжруулах, мөн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хэрхэн, яаж хяналт тавих вэ гэдэгт гарц гаргалгаануудаа тодорхойлох хүсэл  эрмэлзэл байгаад талархаж байна. 

ОУПХ-ны Хүний эрхийн хөтөлбөрийн мэргэжилтэн Ботанья Ламхарзи:- Энэ нь Монгол Улсын парламент анх удаагаа хүний эрх, жендерийн мэдрэмжийн талаар үнэлгээ хийж байгаа нь  онцгой үйл ажиллагаа юм.  Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал тулгарч буй бэрхшээл, сорилт болон өөрийн ололт, амжилтуудаа мэдэж авсан гэж, бид үзэж байна. Ялангуяа хүний эрхийг хамгаалах, жендерийн мэдрэмжтэй хууль тогтоомжийг хэрхэн, яаж боловсруулах, батлах вэ гэдэгт урагш нэг алхам хийсэн дэвшил болсон. Энэхүү хэлэлцүүлгийн дараа  бид зөвлөмж гаргана. Тэрхүү зөвлөмж нь зөвхөн Монгол Улсад төдийгүй дэлхийн бусад орнуудад ч  шаардлагатай байгаа тул томоохон чиглүүлэг болж буйд талархаж байна.


Хүний эрхийн үндэсний зөвлөх Б.Болорсайхан:-Энэхүү хэлэлцүүлэгт парламентын хяналтыг сайжруулах, цаашлаад Засгийн газар хууль хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй тул илүүтэй анхаарах нь зүйтэй гэдэг асуудлыг хөндсөн. УИХ-аас баталсан хууль нь эрх зүйн баталгаа болохын зэрэгцээ иргэдийн амьдралд бодитой хэрэгжиж, үр нөлөө үзүүлэхэд олон талын хамтын ажиллагаа чухал  байгааг асуудалдаа хөндөж тавьсан. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн зөрчил эсвэл нийгмийн бүлэгт тулгамдаж байгаа асуудлыг тодорхой саад, бэрхшээлийг даван туулан байж, лавлаж судлаад зөвлөмж, шаардлага хүргүүлэхэд, төрийн байгууллагууд харилцан адилгүй хандаж, ялангуяа зарим тохиолдолд хэрэгжүүлэхгүй байгаа асуудлыг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, бид парламентын хяналтыг улам сайжруулах, Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүргээ хариуцлагатайгаар биелүүлэх, ХЭҮК-ын шаардлага, зөвлөмжийг чанд хөдөлбөргүй нэг мөр хэрэгжүүлдэг байх нь чухал гэсэн санаануудыг хөндөж тавьсан.   

Жендэрийн үндэсний зөвлөх Б.Долгор:-Монгол Улс жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлаад 12 жил болж байна. Хуулийн хэрэгжилтийн үнэлгээгээр хэрэгжилтэд анхаарлаа хандуулах шаардлагатай гэсэн дүн гарсан. Иймд энэ удаагийн парламентын жендерийн өөрийн үнэлгээ нь хуулийн хэрэгжилтэд томоохон өөрчлөлтийг авчирна гэж найдаж байна. Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, бодлого нь жендерийн мэдрэмжтэй эсэхэд өөрийн үнэлгээг хийж, цаашид асуудлыг зохих ёсоор нь шийдвэрлэвэл илүү сайхан хөгжих боломж бүрдэх юм гэж байлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл