Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.22/ Төрийн ордонд эхэлсэн. “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний албан ёсны III танилцуулах хэсэг “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламентыг тодорхойлох нь” сэдвээр үргэлжиллээ. Олон Улсын Парламентын Холбооны Олон улсын зөвлөх Мэг Мунн “Хүний эрх ба жендэрийн мэдрэмжтэй парламент” сэдвээр илтгэл тавив.
Тэрбээр, хүний эрхийг хангахад парламент чухал үүрэгтэй. Тухайлбал, парламент үндсэн эрх чөлөөг хамгаалахаас гадна хүний нэр төр, тэгш байдал, шударга ёсыг хамгаалах хууль тогтоомж батлан хэрэгжүүлэх, олон улсын конвенцийн хэрэгжилтийн байдал болон олон улсын хүний эрхийн стандартад нийцэж буй эсэхэд хяналт тавих зэрэг үүрэг хүлээдэг. Мөн хүний эрхийн конвенцийг дагаж мөрдөөгүй тохиолдолд Засгийн газарт хариуцлага тооцох, хүний эрхийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэгт хийгээд CEDAW (Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц) зэрэг хүний эрхийн хяналтын байгууллагуудын дүгнэлт хэлэлцүүлэгт оролцох, олон улсын хүний эрхийг хамгаалах, сурталчлах үйлсэд хувь нэмэр оруулах нь парламентын үүрэг хэмээн илтгэлийнхээ эхний хэсэгт онцоллоо. Мөн тэрбээр хүний эрхийг хамгаалах үндсэн баримт бичгүүдийн тухай илтгэлдээ танилцуулсан. 1948 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь суурь баримт бичиг ажээ. Түүний дараа 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт (ICCPR) нь иргэний болон улс төрийн эрх, тэр дундаа амьд явах эрх, үг хэлэх эрх чөлөө, шударга шүүхээр шүүлгэх эрх зэрэг асуудлыг тусгасан баримт бичиг ажээ. Харин 1966 онд батлагдсан Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт (ICESCR) нь хөдөлмөрлөх, сурч боловсрох, амьжиргааны зохистой түвшин зэрэг эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг тусгасан ажээ. Тэрбээр цааш нь эмэгтэйчүүдийн алагчлах хэлбэрийг устгах тухай конвецийг /CEDAW/ тус тус илтгэлдээ онцолсон. CEDAW ба парламент, CEDAW ба парламентын хяналт гэсэн сэдвээр илтгэсний дараа жендэрийн мэдрэмжтэй хууль боловсруулахад парламентын үүргийн талаар танилцууллаа. Мөн тэрбээр эмэгтэйчүүд, охидын эрхийг хангах хуулийн шинэчлэлийг сурталчлах, санаачлах, боловсруулах, хэлэлцэх, батлахад парламентын гишүүд чухал үүрэгтэй гээд Чили, Гүрж зэрэг улсын жишээг иш татав. Чили улс 2018 онд Төлөөлөгчдийн танхимаас Эмэгтэйчүүд, жендэрийн тэгш байдлын хороог байгуулсан. Тус хороо нь жендэрийн асуудалд тэргүүлэх ач холбогдол өгөхийн тулд хууль тогтоомжид үнэлгээ хийдэг ажээ. Харин Гүрж улс 2018 онд парламентын гишүүдэд хууль тогтоомж, бодлогын иж бүрэн судалгааг зөвлөмжийг хүргүүлсэн байна. Парламентын дэргэдэх Жендэрийн тэгш байдлын зөвлөлөөс улс төрийн оролцоо, эдийн засгийн чадавх, эрүүл мэнд зэрэг 9 салбарыг хамарсан “Гүрж Улсын жендэрийн тэгш байдал: саад бэрхшээл, зөвлөмж” илтгэлийг нийтэлсэн талаар дурдлаа.
Түүний дараа ОУПХ-ны Жендэрийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн мэргэжилтэн Мариана Дуарте “Жендэрийн мэдрэмжтэй парламент ба шинэчлэл” гэсэн сэдвээр илтгэв. Тэрбээр, эмэгтэйчүүд улс төрийн үйл явцад бүрэн дүүрэн, аюулгүй, хөндлөнгийн оролцоогүйгээр оролцох эрх чөлөөг хангах талаар ОУПХ-ноос гаргасан тогтоолыг танилцуулсан. Тэрхүү тогтоолд, парламентын гишүүдийн 30-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх зорилтод хүрэх хугацааг тогтоож, энэ хувийг цаашид 50 хувьд хүргэх хугацааг мөн тогтоохыг парламентуудад уриалсан. Хоёрт, парламентуудыг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь тохирсон, жендэрийн түншлэлийг дэмжсэн, нийгэм дэх тэгш байдлыг бүрэн хангасан орчин болгох зорилгоор байгууллагынхаа жендэрийн мэдрэмжтэй байдлыг дүгнэж үнэлэхийг тус тус уриалсан байна.
ОУПХ нь эмэгтэйчүүд, залуучууд болон нийгмийн эмзэг бүлгүүдэд онцгой анхаарал хандуулж, парламентад төлөөлөл нь төдийлэн хангагдаагүй бүлгүүдэд хүрч ажиллах, төлөөлөх боломжийг дэмжинэ. Парламентын бүтэц бүрэлдэхүүнээс гадна ОУПХ-ны жендэрийн мэдрэмжтэй парламентын үйл ажиллагаа, зохион байгуулалтын арга хэлбэрийн асуудлыг үйл ажиллагааны гол анхаарах чиглэл болгоно. Цаашлаад хүний эрхийг дээдлэх, ялгаварлан гадуурхах асуудлыг шийдвэрлэх парламентын үйл ажиллагааг дэмжих бодлого баримталж байна гэв.
Тэрбээр цааш нь парламентууд жендэрийн тэгш байдлыг хангах, дэмжихийн тулд институцийн хувьд юу хийж байна вэ, жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагаанд бодлого ямар мэдээлэл өгдөг вэ, дэлхийн парламентуудын институцийн бүтэц жендэрийн мэдрэмжтэй юу, жендэрийн мэдрэмжтэй парламент нь бүтэц, үйл ажиллагаа, арга барил ямар байх талаар илтгэлдээ онцоллоо.
Мөн жендэрийн тэгш байдлыг дэмжих нь нийт байгууллагын хэмжээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бүгдийнх нь үүрэг байна. Жендэрийн тэгш байдлыг хангасан, дэмжсэн парламент нь сонгогчдод илүү сайн үйлчилж, илүү хууль ёсных байдаг гээд жендэрийн мэдрэмжтэй парламентыг бэхжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан юм. Хамгийн түрүүнд парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлж, удирдах албан тушаалын эрх тэгш байдлыг хангах, жендэрийн тэгш байдлын тухай хууль тогтоомж, бодлогыг бэхжүүлэх, парламентын бүхий л үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрийн мэдрэмжтэй дэд бүтэц, парламентын соёлыг бий болгох буюу сайжруулах, жендэрийн тэгш байдлын төлөөх үүрэг хариуцлагыг эрэгтэй, эмэгтэй бүх парламентын гишүүд хуваалцаж байх, улс төрийн намуудыг жендэрийн тэгш байдлын төлөө тэмцэгч байхыг уриалах, парламентын ажилтнуудын жендэрийн мэдрэмж, жендэрийн тэгш байдлыг сайжруулах, парламент дахь эмэгтэйчүүдийн тоог нэмэгдүүлж, оролцоо болон удирдах албан тушаалын эрх тэгш байдлыг хангахад төлөвлөж ажиллах шаардлагатай. Эмэгтэйчүүдийн парламентад орох боломжийг дэмжих, парламентад удирдах албан тушаалд томилогдоход нь дэмжлэг үзүүлэх нь дэлхийн өнцөг булан бүрт тулгамдсан асуудал хэвээр байна. Тиймээс тусгай хууль тогтоомжийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь чухал. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль, Үндсэн хууль болон улс төрийн намын мөрийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж болохоос гадна мэргэшлийн түвшин, ур чадварын хувьд тэнцүү, эсхүл парламент дахь төлөөлөлтэй нь ижил байх тохиолдолд парламентын албан тушаалд эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд давуу байдал олгох баталгаажуулсан арга хэмжээг хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Мэргэжилтэн Мариана Дуарте цааш нь 2022 онд гаргасан Кигалигийн тунхаглалыг танилцуулсан. Тэрхүү тунхаглалд, сонгуульд нэр дэвшихэд квот тогтоож улс төрийн шийдвэр гаргах үйл явц дахь ижил тэгш байдлыг хангах, хууль боловсруулах, хэрэгжүүлэхэд жендэрийн мэдрэмжтэй байх, эмзэг бүлгийн асуудалд онцгойлон анхаарах, жендэрт суурилсан гадуурхал, хүчирхийлэл болон хор хөнөөл учруулахыг арилгах, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн хүртээмжийг сайжруулж, шударга ёсыг хангах, асран хамгаалах үүрэгт ижил тэгш байдлыг хангах, парламентын гишүүдийн эрэгтэй, эмэгтэйгээс үл шалтгаалан, гэр бүлийнхээ өдөр тутмын асран хамгаалах ажлын 50 хувийг хариуцдаг байх талаар тусгажээ. Үүний тулд парламентын жендэрийн мэдрэмжийн түвшинг хоёр удаа үнэлэх, жендэрийн мэдрэмжтэй байдлын үнэлгээний үр дүн, зөвлөмжийг хэрэгжүүлэх бүтцийг бий болгох, парламентын бүхий л удирдах албан тушаалд тэнцвэртэй байдлыг хангах журмыг батлах, Жендэрийн тэгш байдлын хороо эсхүл ижил төстэй байгууллагыг бий болгох, нөөц бүрдүүлэх, чадавхжуулах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн дарамт, дээрэлхлийг үл тэвчих зорилготой хатуу бодлогыг хэрэгжүүлэх тусгай арга хэмжээ авахаар тусгасан байна гэв. Хэлэлцүүлэг "Хүний эрх жендэрийн өөрийн үнэлгээнд бэлтгэх нь" сэдвээр үргэлжиллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.